Монголын тэшүүрийн холбооноос өнгөрөгч нэгдүгээр сард насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан таван тамирчныг допингийн шинжилгээнд хамруулахад тамирчин Г.Ууганбаатараас хориотой бодис илэрснийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институын Допингийн хяналтын лабораториас ирүүлжээ. Хариуг энэ сарын 3-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд Галбаатар овогтой Ууганбаатарын өгсөн 3939345 дугаартай сорьцонд хориотой бодис илэрснийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1.2 дахь заалтыг үндэслэн Meldonium32,6 µg/ml илэрсэн тамирчин Г.Ууганбаатарт допингийн шинжилгээний Б сорьцыг шинжлүүлэх хүсэлт тавьсан боловч тамирчин дараагийн шинжилгээ өгөхөөс татгалзаж хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн аж.
Б.Ууганбаатар 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 м, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн байжээ. Тэрбээр “Алдар” спорт хорооны тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж иржээ.