[starbox]
Швед дэхь шагайн харваачдын намрын тойром амжилттай зохион байгуулагдлаа Монголын Шагайн Харвааны Холбооны Швэд дэх салбар холбооны намрын тойром Стокхольм хотноо тавдахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тойромд нийт долоон баг өрсөлдсөн бөгөөд Шведийн хоёрдах том хот болох Гётеборгт төвтэй Баруун эргийн төлөөлөл болсон харваачид ирж оролцсон нь онцлог байлаа. 9-р сарын 9-ний өдөр 09.09 минут гэсэн билэгт сайн цагийг сонгон болзсон уг тэмцээн нар хур тэгширсэн энэ өдөр багуудын хоорондын эн тэнцүү өрсөлдөөнөөр үргэлжилсээр үдшийн бүрий болсон хойно шилдэгүүдээ тодрууллаа. Ингээд багийн харваанд нэгдүгээр байранд н.Батсайхан ахлагчтай баг шалгарсан бол н.Баяржаргал, н.Гансvх ахлагчтай багууд удаалсан юм.
Тэгвэл хувийн цуваа харваанд М.Энхболд, н.Батжаргал, н.Эрхэмбаяр нар эхний байрыг эзэлжээ. Швэд дэх салбар холбоо нь Монголын шагайн холбооны гурван сумаар нийлж, найман сумаар шувтарч, дөрвөн сумаар гоцдох гэсэн дүрмийг баримталж аливаа уралдаан тэмцээн, тойромоо зохион байгуулдаг. Мөн саяханаас шинэ холбоо үйл ажиллагаагаа эхлүүлж байгаатай холбогдуулаад ирэх 11 сард болох Европын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний бэлтгэл болоод багийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт энэ тойромын үеэр явагдлаа.
Стокхольм дах сурвалжлагч Р.Слава