Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дээндийн амны “Сайхан булаг”, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Халзан амны булаг”, “Хөндлөнгийн амны булаг”-ийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.
Булгийн хамгаалалтын хашаа, шонг анх удаа хүнсний зориулалттай хаягдал хуванцарыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Худгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл гардаг байсан бол дахин боловсруулсан материалиар орлуулснаар ашиглалтын хугацаа уртсаж, дээрх зөрчил багасах боломжтой болж байна. Мөн тохижилтийн ажлын хүрээнд явган хүний замыг байгалийн чулуу ашиглан хийж, булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулсан.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 82 булаг шанд бүртгэгдсэнээс 30-ийг нь хашиж хамгаалаад байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.