[starbox]
Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг “Volkswagen” цахилгаан хөдөлгүүрт шинэ автомашин боловсруулахад хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, доод тал нь 15 жилийн дараа буюу 2030 он гэхэд өөрсдийн бүх загвартаа цахилгаан хөдөлгүүртэй хувилбар гаргах болно гэж амлалаа.
Хоёр жилийн өмнө хортой хаягдлын үзүүлэлтээ дарж мэдэгдсэн гэх томоохон дуулианд орж байсан тус компани өмнө нь цахилгаан хөдөлгүүрт, жолоочгүй автомашины зах зээлийн хөгжлийг бараг ажиглалгүй өнгөрч байсан гэхэд болно.
Тэгвэл одоо Германы уг концерн Tesla болон бусад цахилгаан машин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц автомашин зохион бүтээж, цахилгаан хөдөлгүүрт машины асар том зах зээлийг эзлэн авахын тулд 20 тэрбум евро гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ тухай “Volkswagen”-ы ерөнхий захирал Маттиас Мюллер “Volkswagen мэтийн компаниуд сажилж гэлтрээд байлгүй урд нь явж байх ёстой” хэмээн Франфуртэд автосалон нээх үеэрээ мэдэгджээ.
Германы энэхүү фирм 2025 он гэхэд цахилгаан хөдөлгүүрт 80 автомашин гаргахаар төлөвлөжээ. Тэгвэл тус улсын автомашин үйлдвэрлэгч өөр нэг компани болох “Daimler” 2022 он гэхэд Mersedes-Benz автомашиныхаа бүхий л загварыг бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэжээ. Гэсэн хэдий ч Volkswagen-ы хувьд олон нийтийг хамарсан зах зээлд цахилгаан хөдөлгүүрт автомашин гаргахаар болсноо зарласан хамгийн анхны томоохон авто үйлдвэрлэгч болж байгаа аж.
Их Британи, Франц улсууд үүнээс өмнөхөн агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор 2040 оноос эхлэн бензин болон дизель түлшээр ажилладаг шинэ автомашин худалдахыг хориглох төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Яг энэ алхмыг дэлхийн автомашины томоохон зах зээл гэгддэг Хятад ч авч хэрэгжүүлэх сонирхолтой байгаа юм.
Volkswagen-ы тэргүүн Маттиас Мюллер Франкфуртэд авто салон нээх үеэрээ “Хэрэглэгчдэд цэвэр автомашин хэрэгтэй. Хүмүүст цэвэр агаар чухал учраас бид ч бас түүнд нь хувь нэмэр оруулахыг хүсч байна” хэмээн ВВС агентлагт мэдэгджээ.
Seat, Skoda зэрэг брэндүүдийг дотроо багтаасан Германы тус фирм түүнчлэн автомашины тэжээлийн зайнд 50 гаруй тэрбум еврогийн өртөгтэй захиалга хийх гэж байгаагаа мэдээлсэн байна.
Франкуртын автосалон салбарын хувьд тун амаргүй үед нээлтээ хийж байгаа юм. Учир нь Volkswagen болон Германы бусад авто үйлдвэрлэгчдийг тус улсын канцлер Ангела Меркель дизель түлшний хаягдлын түвшний дуулианаас болж ихэд шүүмжилж буй.
Үүнээс гадна Германд парламентын сонгууль болж буйтай холбогдуулан Меркель автомашины үйлдвэрлэлийг нийгэм дэх итгэл найдвараа эргэж олж авах ёстой гэж мэдэгдсэн билээ.
VW-гийн тэргүүний ВВС-д өгсөн ярилцлагаас үзэхэд өнөөгийн энэ түвшинд тус компани дотоод шаталтын хөдөлгүүрээсээ бүрэн татгалзах боломж байхгүй гэнэ. Учир нь цахилгаан машинд зориулсан дэд бүтцэд бэлэн бус байгаа аж. “Тодорхой хугацааны турш дотоод шаталтын хөдөлгүүрт болон цахилгаан үүсгүүрт машин зэрэг оршин тогтнох болно. Харин би хэр удаан хугацаанд вэ гэх тодорхой тоо хэлж чадахгүй байна” гэж Мюллер мэдэгджээ.
Яг ийм шилжилтийн үед орох шаардлагатай байгааг BMW-гийн гүйцэтгэх захирал Харальд Крюгер ч хүлээн зөвшөөрсөн байна. Тэр тусмаа Крюгерийн хэлж буйгаар цахилгаан автомашин нь түр зуурын шуугиан, дуулиан бус, урт хугацааны чиг хандлага гэжээ. BMW өчигдөр Mini хэмээх анхны цахилгаан автомашинаа танилцуулахаар болсон байна. Уг загварыг Оксфордод угсарч, 2019 он гэхэд худалдаанд гаргах юм.
Ийнхүү шинэ дизель болон бензин хөдөлгүүрт автомашинуудыг хориглох төлөвлөгөөтэй улс орнуудын тоо нэмэгдэхийн хэрээр BMW, VW, Mersedes болон бусад авто үйлдвэрлэгчид өөрсдийн чиг хандлагаа ч өөрчлөхөөр өөр аргагүй болж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд дэлхийн автомашины хамгийн том зах зээл гэгдэх Хятад улс ийм төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Гэхдээ тус улс яг хэзээнээс дотоод шаталтын хөдөлгүүртэй машиныг хориглохоо мэдэгдээгүй.
Их Британи, Франц улс нүүрстөрөгчийн ялгарал, агаарын бохирдлоо бууруулах зорилгоор 2040 он гэхэд шинээр дизель болон бензин хөдөлгүүрт автомашин авахыг хориглохоор төлөвлөсөн билээ. Үүнээс гадна “Shell”-ээс ирэх сард Их Британид цахилгаан машин цэнэглэх анхны станцаа байгуулахаар болсноо мэдэгдсэн байна.