Их Британи улс Европын холбооноос гарах тухай асуудлаар бүх нийтийн санал хураасан, Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсон зэрэг үйл явдлаас үүдэж, Америк, Их Британи улсын “Гадаадын мэргэжилтнүүдэд хамгийн таатай орнууд”–ын чансаа энэ жил эрс доошилжээ.
Expat Insider жагсаалтад 65 орныг багтааснаас Их Британи улс 54 дүгээр байрт орсон бол АНУ 43 дугаарт орж, 2016 оноос эрс багасчээ. Тэргүүн эгнээнд Бахрейн, Коста-Рика, Мексик орсон байна. Тэгвэл манай хоёр хөрш ОХУ 50 дугаар байрт орсон бол Хятад 55 дугаарт бичигдсэн байна. Жагсаалтын сүүлийг Итали, Саудын Араб, Бразил, Грек улс мушгижээ.
Өнгөрсөн хоёрдугаар сараас гуравдугаар сарын хүртэл явуулсан судалгаанд гадаадад ажилладаг 13 мянган мэргэжилтэн хамрагдсан аж. Тэд хилийн чанад дахь амьдралаа 43 төрлийн ангиллаар үнэлсэн тухай “Business Insider” хэвлэлд тэмдэглэжээ. Ингээд жагсаалтын эхний 9-д багтсан орнуудын талаар мэдээлж байна.
№9 Сингапур
Сингапур улс “аюулгүй байдал, хамгаалалт” ангилалд гуравдугаар байрт орсон бол “аялал, тээвэр-т нэг, “амьдралын чанар” хэсэгт дөрөвдүгээрт бичигджээ.
Гэхдээ Зүүн Өмнөд Азийн аралд оршдог тус хот улс “хувийн аз жаргал” ангилалд 43 дугаар байр эзэлсэн бол “найз нөхдийн эрэлд” ангиллаар 42, “нутгийн иргэдийн сайхан сэтгэл” ангиллаар 40-д багтжээ.
№8 Колумб
Колумб улс “хувийн аз жаргал”-д тавдугаар байр эзэлсэн ч “аюулгүй байдал, хамгаалалт” ангилалд 50 дугаарт эрэмбэлэгдсэн. Санал асуулгад оролцогчид нутгийн иргэдийн сайхан сэтгэлийг онцгойлон тэмдэглэж, түүнчлэн амьдралын өртөг бага хэмээн магтжээ. Энэ бол Латин Америкийн тус улсад гадаадынхан ажиллах гол хөдөлгүүр болдог аж.
№7 Мальта
Мальта нь “хилийн чанадад ажиллах” ангилалд тавдугаарт орсон бол “аялал, тээвэр” хэсэгт 45 дугаарт эрэмбэлэгджээ. Газар дундын тэнгист орших тус арлын улс нь “аюулгүй байдал, хамгаалалт”, “чөлөөт цагийн хувилбар”-аар таагүй үр дүн үзүүлж, амьдралын чанараар 19 дүгээрт бичигдсэн тул өнгөрсөн жилийн зургаадугаар байраасаа нэгээр ухарчээ. Санал асуулгад оролцогчид Мальтад шинэ найз нөхөдтэй болох боломж, ажлын баталгаа зэргийг өндрөөр үнэлсэн байна.
№6 Шинэ Зеланд
Шинэ Зеланд улс “хувийн аз жаргал” ангилалд 10 дугаарт эрэмбэлэгдсэн бол “чөлөөт цагийн хувилбар”, “сайхан сэтгэл”-д есдүгээр байрт бичигджээ. Санал асуулгад оролцогчид түүнчлэн энэ улсад ажилд орох амархан, шинэ зеландчуул найрсаг гэдгийг онцгойлон тэмдэглэсэн байна. Мөн гадаадын мэргэжилтнүүд хөдөлмөрийн үйл ажиллагаа, хувийн амьдралын тэнцвэрийг сайн хангаж чаддаг улс гэж үнэлсэн тул тус улс “хилийн чанадад ажиллах” хэсэгт хоёрдугаар байрт оржээ.
№5 Португал
“Амьдралын чанар” хэсэгт тэргүүлэх байр эзэлсэн тус улс энэ жил даруй 23 байр дээшилсэн гайхам амжилттай байна. Гадаадын мэргэжилтнүүд Европын энэ оронд гэртээ байгаа мэт байж чаддаг гэжээ. Санал асуулгад оролцогчид түүнчлэн улс төрийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг нь өндрөөр үнэлсэн байна. Нэг оролцогч “Португалын хүн ам найрсаг, уур амьсгал нь дулаан, хоол нь амттай, түүнчлэн ер бусын гоёмсог дурсгалт газруудтай” хэмээн тэмдэглэжээ.
№4 Тайвань
Тайвань нь “эрүүл мэнд” ангилалд нэг, “амьдралын чанар” ангилалд хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Гадаадын мэргэжилтнүүдийн 95 хувь нь Тайванийг хүрээлэн буй орчны хувьд таагүй ч (хэт аж үйлдвэржсэн) аюулгүй гэж үзсэн байна. Тайвань нь “нөхөрсөг байдал” ангилалд дөрөвдүгээрт, “хэл” гэсэн ангилалд 46-д оржээ.
№3 Мексик
Мексик улс жил бүр энэхүү санал асуулгад эхний тавд багтдаг. Гадаадын мэргэжилтнүүд тус улсын иргэдийн нөхөрсөг зан, хурц тод соёлыг өндрөөр үнэлдэг аж. Тус улс “хилийн чанад дахь ажил”, “тухайн улсын валютын өртөг” ангилалд эхний 20-д орсон байна. Мэдээж санал асуулгад оролцогчдын олонх нь тус улсын эрүүлийг хамгаалах систем, аюулгүй байдлын түвшинд сэтгэл хангалуун бус байдаг. Гэхдээ “хувийн аз жаргал” гэсэн ангилалд Мексик тэргүүн байр эзэлжээ. “Цаг уур нь тун таатай, хүмүүс нь найрсаг, хоол нь гайхалтай амттай” гэж хүмүүс тодорхойлсон байна.
№2 Коста-Рика
Коста-Рика “хилийн чанад дахь ажил” ангилалд эхний 20-д оржээ. Гэхдээ гадаадын мэргэжилтнүүд нөхөрсөг хүн амд нь тун дуртай. Тиймээс ч тус улс энэ ангилалд нэгдүгээр байр эзэлжээ. “Коста-Рика танд эелдэг, аз жаргалтай иргэдээр хүрээлүүлсэн аз жаргалтай амьдралыг санал болгож байна” хэмээн санал асуулгад оролцогчид тэмдэглэсэн байна. Тэр ч бүү хэл санал асуулгад хариулсан хүмүүсийн 48 хувь нь энд үүрд үлдэхэд бэлэн гэж мэдэгджээ.
№1 Бахрейн
Бахрейн улс 2016 онд 19 дүгээр байр эзэлж байснаа эрс урагшилж, тэргүүн байрт орж байна. Санал асуулгад оролцогчид хүн амынх нь нөхөрсөг зан, ажилдаа сэтгэл өндөр байгаа, ажилд хялбархан ордог зэргээр үнэлжээ. Тус улс түүнчлэн хувийн санхүүгийн индекст өндөр оноо авсан байна. Оролцогчдын 41 хувь нь Бахрейнд төрөлх эх орноосоо илүү их мөнгө олж чадаж байна гэжээ.