Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дахин шинэчлэн батлах, ямар хэрэгцээ шаардлага гарсан юм бэ?
-Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль заавал хэрэгждэг, ингэхдээ хүн бүрт эрх тэгш, алагчлалгүй шударгаар үйлчилдэг байх, хэрвээ хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгосон хуулийн байгууллагын албан тушаалтнуудад оногдуулах хариуцлагыг чангатгаж, авлига, албан тушаал, мөнгө угаах, хар тамхи зэрэг тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар тусгагдсан. Мөн Олон улсын байгууллагаас хувь хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар ирүүлсэн зөвлөмжүүдэд үндэслэн 2015 онд батлагдсан Монгол Улсын эрүүүгийн хууль тогтоомжуудийг эргэн харж шинэчлэх шаардлага бий болсон. Шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталж, хууль батлагдсантай холбогдуулан бусад 30 орчим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан энэ оны долдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.
-Шинээр батлагдан хэрэгжиж буй хуулийн онцлог нь юу юм бэ. Ялангуяа иргэдийн эрхийг хангах чиглэлээр ямар шинэ зүйл заалтууд орсон юм бол?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэрийг өөрчилж, хуучин үйлчилж байсан хуулиас үр нөлөөтэй, практикаар шалгарсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, зөвлөмжүүдэд холбогдох заалтуудыг нийцүүлж, оролцогчдын эрх тэгш байдлыг хангах, нотлох ажиллагааны журмыг тодорхой болгосон, хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх, олон улсын эрх зүйн харилцан туслалцааг тодруулсан, оновчгүй хэрэглэсэн нэр томьёог залруулж тайлбарласан, 2002 оны эрүүгийн хуулиас 61 үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хассан зэрэг олон онцлог зохицуулалтууд орсон.
Мөн хүний эрхийг хангах чиглэлээр нэлээдгүй зохицуулалтууд хийгдсэн. Тухайлбал: Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг өөрчилж, цагдан хорих хугацааг богиносгосон, хохирогч, гэрчийн эрхийг хамгаалах, өсвөр насны хүнтэй холбоотой зохицуулалтыг тусгайлан журамлаж, цаазаар авах ял болон хангалттай бус нотлох баримтаар хүнийг сэжигтнээр тооцож олон сар жил шалгадаг явдлыг халсан, өмнөх хуульд хорих ялын дээд хэмжээ 25 байсныг 20 жил блгож бууруулсан. гэм буруугаа хүлээсэн, хохирогчийн хохирлыг барагдуулан, өөрийн буруутай үйлдлээ ухармсарлаж буй иргэдэд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх, улмаар хуульд зааснаас хөнгөн ял эдлэх нөхцлийг зохицуулсан олон эерэг зохицуулалтууд хуульд тусгалаа олсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэдийн эрхэнд халддаг байсан албадлагын арга хэмжээнүүдийг хязгаарлаж прокурор, шүүхээс зөвшөөрөл авч байж хэрэгжүүлдэг болох зохицуулалтууд хийгдсэн тул иргэдийн халдашгүй байх эрх нэлээдгүй хангагдана гэж үзэж байна.
-Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалтийн ажиллах чиг үүрэгт нь ямар өөрчлөлт орсон юм бэ?
-Хуулийн шинэчлэлтэй холбогдуулан энэ оны 06 дугаар сард Цагдаагийн байгууллага дотоод бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд Мөрдөн байцаах газрыг алба болгон нэр томъёоны хувьд өөрчилсөн. Мөрдөн байцаах алба дотроо хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар, дагнасан тодорхой төрлийн хэргүүдийг шалгах, есөн хэлтэс, гурван тасаг, нэг хэсэгтэйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын дотооддоо хийсэн бүтэц чиг үүргийн хүрээнд одоогоор Мөрдөн байцаах алба нь төвдөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан этгээдүүдэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан ажиллаж байна.
-Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хуучин “Мөрдөн байцаагч” гэж нэрлэдэг байсныг “Мөрдөгч” гэдэг болсон. Яагаад мөрдөгч гэж нэрлэх болсон юм бэ?
-Өмнөх хуулиар хэрэглэгдэж байсан байцаах гэсэн үг хэллэг, ажиллагаануудаас нэлээд татгалзсан юм. Тухайлбал хуулийн нэрийг байцаан шийтгэх гэж байсныг хэрэг хянан шийдвэрлэх гэж, гэрч, хохирогч, яллагдагчийг байцаах гэснийг мэдүүлэг авах гэх зэргээр өөрчилсөн. Энэ ажлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгжүүлэх гол субъект байсан “Мөрдөн байцаагч” гэсэн албан тушаалыг шинэ хуулийн үзэл баримтлал, олон улсын жишигт нийцүүлэн “Мөрдөгч” гэж өөрчилсөн.
-Шинэ хууль, ажил эхлүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгардаг. Тулгамдаж буй асуудал юу байна?
-УИХ-аас хуулийг өнгөрсөн зургадугаар сард баталсан байдаг. Хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг нэг мөр ойлгуулахын тулд сургалт сурталчилгааны ажил цаг хугацааны хувьд давчуу байсан учраас практик ажилтнуудад хийгдэх сургалт хангалттай хэмжээнд хийгдэж чадаагүй. Иймээс хуулийг практикт хэрэгжүүлэхэд нэг мөр ойлголт муу, ойлголтын зөрүүгээс болж хуулийг буруу хэрэглэх хүндрэл, зөрчлүүд гарч байгаа. Хамгийн гол хүндрэл бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан. Одоогоор Засгийн газраас тогтоол шийдвэр гаргаж, журам бүрэн батлагдаж, гараагүй, цагдаагийн байгууллагын төсөвт энэ зардал тусгагдаагүй байна. Үүнтэй холбогдуулж Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын асуудалд нэлээдгүй хүндрэлүүд учирч байгаа юм. Ер нь Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаанд жилд 4,9 тэр бум төгрөг шаардагдах талаар судалгаа гарч төсөвт тусгуулах талаар сүүлийн 3-4 жилд эрх бүхий байгууллагуудад тогтмол санал хүргүүлж байгаа боловч шийдэгдээгүй, үүнийг дагаад иргэд, оролцогч нарт хүндрэл үүссээр байгаа.
Мөн шинэ хуулинд мэдүүлэг авах өрөөний стандартыг Улсын Ерөнхий прокурор батлахаар зохицуулалт орсон. Энэ оны зургадуаар сарын 27-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын тушаалаар мэдүүлэг авах өрөөний стандартыг батлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Стандартад нийцүүлэн Цагдаагийн байгууллага гурван төрлийн өрөөнд мэдүүлэг авахдаа прокуророос зөвшөөрөл авах ёстой. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллага алба нэгжийн үйл ажиллагаа явуулж буй байрныхаа дотоод нөхцөл байдалд тулгуурлаад “уулзалт мэдүүлгийн өрөө”-нд прокуророос зөвшөөрөл авч, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Харин Мэдүүлэг авах тусгайлан бэлтгэсэн өрөө, насанд хүрээгүй иргэдээс мэлүүлэг авах шаардлага хангасан өрөө одоогоор Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй байранд байхгүй. Ийм өрөө байрыг бэлтгэж, прокуророос зөвшөөрөл авахын тулд цагдаагийн байгууллагын хэмжээнд 600 орчим сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа талаархи төсөв санхүүг гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам руу хүргүүлсэн. Одоогоор шийдвэрлэгдээгүй байна.
-Хууль хэрэгжснээр алба хаагчдыг сургалтад хамруулах иргэдийг мэдээллээр хангах, хуулийг олон нийтэд сурталчилах ялангуяа алба хаагчдад мэргэшүүлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулан хуулийн нийт байгууллагуудын хамтарсан төлөөлөл оролцсон 12 багийн нийслэл, орон нутагт томилон ажиллуулж улсын хэмжээнд тав хоногийн хугацаанд сургалт явуулсан юм. Сургалтаар алба хаагчдад хуулийг бүрэн хэрэгжүүлэх мэдлэг суулгах ямар ч бололцоогүй байсан. Одоо хууль хэрэгжээд хоёр сар болж байна. Шинэ хуулийг дагасан хүндрэл бэрхшээлүүдийн талаар алба нэгжүүдээс нэлээдгүй саналууд ирж байгаа. Ийнхүү үүссэн хүндрэл, хуульд эргэж харах шаардлагатай 160 орчим санал, гомдлыг алба нэгжүүд ирүүлсэн байгаа. Үүнийг зохих байгууллагуудад хүргүүлж шийдвэрлэх ёстой. Иймээс цагдаа болон прокурор хамтарч ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийн талаархи сургалтуудыг дахин зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
-Зөрчлийн хуулийн талаар тодруулахгүй юу?
-Хууль батлагдахаас өмнө салбар эрх зүйн зохицуулалтаар зөрчилд тооцон шалгаж хариуцлага тооцож байсан 240 орчим хуулиуд нэгтгэн Зөрчлийн тухай хуулийн баталж, гарсан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 11000 орчим албан тушаалтан бүртгэгдсэн байгаа. Хуучин хуулиар гэмт хэрэгт тоооцгдож байсан зарим үйдлүүдийг зөрчилд тооцсон байгаа. Тухайлбал: Хүний эрх чөлөөнд гэмтэл учруулалгүйгээр халдсан үйлдлийг зөрчилд тооцсон. Хоёр хүн харилцан зодолдож нэг нь гэмтэл авсан, нөгөө нь гэмтэл аваагүй бол, гэмтэл учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээж, гэмтэл учруулаагүй нь Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхээр байгаа.
Эх сурвалж: http://www.police.gov.mn