Монголын Хүүхдийн ордны 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 8-нд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Чингүнжав, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар оролцож хүүхэд багачуудад баяр хүргэв.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголын хүүхдийн ордны үе үеийн ахмад багш нарыг урин оролцуулж, Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ажиллагааны талаар санал бодлыг солилцсон юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн энэ их ордны үйлс бүхэн арвин, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.