Судалгааны “CB Insights” компани британичууд өнгөрсөн орны зургадугаар сард Европын холбооноос гарах санал өгсний дараа Европын санхүү, технологийн компаниудын арилжаанд Франц, Шведийн эзлэх хувь өссөн хэмээн мэдээлжээ. Тодруулбал, Францын эзлэх хувь 2014 онд 5 хувь байсан бол 2017 онд 11 хувь, Швед 3-12 хувьд хүрч өсчээ.
“CB Insights” мэдээлснээр Европын санхүү, технологийн компаниуд венчурын хөрөнгө оруулалтын компаниудаас $2.6 тэрбум доллар татжээ. Энэ хөрөнгийн хэмжээ жилийн дөрвөн тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа гэнэ.
Хэдийгээр Их Британи өмнөхийн адил Европын санхүү, технологийн салбарт тэргүүлж байгаа ч байр суурь нь аажмаар суларч байна. Британийн стартапуудын гол асуудал нь Европын холбооны удирдлагын венчурын хөрөнгийн гол эх үүсвэр Европын хөрөнгө оруулалтын санд эрх нь хязгаарлагдмал болсонтой холбоотой аж.
Европын хөрөнгө оруулалтын сан “Brexit”-ийн асуудлаар британичуудын дунд санал асуулга явагдсаны дараа Их Британиас бусад орнуудад анхаарлаа хандуудах болсон байна. Хууль эрх зүйн “Baker&McKenzie” компани ЕХ-ноос гарах шийдвэр нь Их Британид 2020 он хүртэл нийлж, уусах салбараас авах ашгийнхаа 338 тэрбум долларыг алдахад хүргэнэ гэж мэдээлжээ. Энэ нь зах зээлд хөрөнгө оруулагчдийн итгэл суларсантай холбоотой хэмээн тайлбарлагджээ.
“Итгэлийг сэргээхийн тулд Засгийн газар нь ЕХ-той шинэ харилцааны хэлэлцээрээ шуурхай яаралтай явуулах ёстой. Гэвч энэ асуудал бараг бүтэлгүй зүйл болж байна” гэж M&A Baker&McKenzie-ийн захирал Майкл ДеФранко хэлжээ. Тэдний дүгнэлтээр бол нийлж уусах салбарын алдагдлыг аль болох бууруулахад анхаарч, гэрээ байгуулалтын төвшинг $239 тэрбумд барих шаардлагатай аж. Энэ онд арилжааны гэрээний хэмжээ 33 хувиар унана гэсэн хүлээлт бий болсон байна.