Исламыг доромжилсон хэргээр Саудын блогчин 33 настай Раиф Бадав 2014 онд 10 жилийн хоригдож, 1000 удаа саваадуулах ялаар шийтгэгджээ. Түүний эхнэр Енсар Хайдар нөхрийнхөө эхний 50 саваадалтын видео зургийг твиттерт нийтлээд байна. Нөхөр нь өндөр даралттай хүн учраас шийтгэлийг даахгүй. Түүнийг өршөөхийг гуйж байна хэмээн Daily Mail сонин мэдээлэв.
Енсар Хайдар өөрөө гурван хүүхдийн хамт 2013 онд Канадад зугтан гарчээ. Тэр эмэгтэй нөхрийнхөө эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж байгаа юм. Нөхрийг нь саваадах шийтгэлийг 2015 онд эхлэх ёстой байсан ч биеийн эрүүл мэндийн байдлаас болж хойшлуулсан байв.
Енсар одоо Раифтай юу учраад байгааг мэдэхгүй байна. Саяхан хаан ширээ залгамжлагчаар зарлагдсан жононг нөхрийнх нь хэргийг нааштайгаар шийдэж өгөх байх гэж тэр их найдаж байгаа гэнэ. Түүний нөхөр Раиф 2008 онд “Free Saudi Liberals” веб-сайтыг бүтээж, үг хэлэх эрх чөлөөг уриалаад баривчлагдсан юм байна. Дөрвөн жилийн дараа түүнийг дахин баривчилсан ба “Интернэтээр исламыг доромжилсон” хэрэгт буруутган шийтгэжээ