Энэ сарын 6-7-нд Хойд хөршийн Владивосток хотод болж өнгөрсөн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын талаар Оросын хэвлэлийн тоймыг хүргэж байна.
-Энэ жилийн Дорнын эдийн засгийн чуулга дээр 2.5 их наяд рублийн үнэлгээтэй гэрээнүүд байгуулагдлаа-
Дорнын эдийн засгийн гурав дахь чуулга түүхэнд хамгийн зөрөлдөөнтэй гэдгээр үлдэх байх. Чуулганы эзэн Ерөнхийлөгч Владимир Путин албан тушаалтнуудад бүсийн хүн амын шилжин нүүлт үргэлжилж байгаад дургүйцлээ илэрхийлэв. Хариуд нь бүсийн эрх баригчид төвөөс мөнгө нэмэн олгохыг гуйж, Холбооны сайд нар Алс дорнодынхон гарган өгсөн хөрөнгийг бүрэн ашиглахгүй байна гэж зөрүүлэн гомдол мэдүүлэв. Бүс нутгийн гол орнууд болох Япон, Өмнөд Солонгостой хийх эдийн засгийн харилцаа олигтой урагшилахгүй байгааг энд хэлэх хэрэгтэй биз.
Лхагва, пүрэв гаригт (2017.09.6-7) Оросын Русский арал дээр болж өнгөрсөн Дорны эдийн засгийн чуулгад 61 орны 6000 гаруй төлөөлөгч, дөрвөн орны төр, засгийн тэргүүн оролцсон. Хэрэв энэ арга хэмжээг тоо баримт, хөрөнгө оруулалтын гэрээний тоогоор хэмжих юм бол энэ удаагийн чуулга ердийнх шигээ л харагдсан. Жаахан сэргээж хэлэх юм бол хэд хэдэн чанга мэдэгдэл л энэ арга хэмжээг тодруулж үлдээх болно.
Тува болон Монголын тэргүүнүүд хуреш бөхийг хөгжүүлэхээр ярилцсан
Монголын хувьд энэ удаагийн чуулга шинэ Ерөнхийлөгч албан ёсоор оролцсоноос хэтэрсэнгүй. Тэнд Ерөнхийлөгчийн спорт тал давамгайллаа. Үндэс нэгтэйгээрээ Тувагийн Ерөнхийлөгчтэй Хуреш бөхтэй хонины махны талаар ярив бололтой.
Хоёр ард түмний үндэсний спорт болдог хуреш бөхийг хөгжүүлэхээр Тува болон Монгол лидер Шолбан Кара-оол, Халтмаагийн Баттулга нар Дорнын эдийн засгийн чуулга дээр уулзахдаа ярилцан тохиролцсон тухай Тувагийн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Хэвлэлийн мэдээнд Тувагийн тэргүүний уулзалтын төгсгөлд хэлсэн “Нүүдэлчин ард түмний хөвгүүдийн хувьд бидний нийтлэг ололт болон ард түмнийг нэгтгэдэг хуреш бөхийн спортын хамтын уламжлалыг хөгжүүлэхээр тохиролцлоо. Бид спортын төлөөлөгчдөө солилцож, олон улсын тэмцээн зохион байгуулах болно” гэсэн үгийг өгүүлжээ.
Х.Баттулга Восточный боомттой танилцан нүүрс гаргах боломжтойг олж харжээ
Оросын Ерөнхийлөгч Х.Баттулгад хил орчмын худалдааг эрчимжүүлэх хүсэлтэйгээ хэллээ. Өмнө нь Алс Дорнод бол бидний хувьд алс хол биш хоёрхон цаг нисээд ирсэн. Манай ойрхи дорнод гэж ярьж байсан Х.Баттулга Восточный боомттой танилцан нүүрс гаргах боломжтойг олж харжээ. Дараа нь тэр жүдогийн эх орны Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа.
Токио Улаанбаатар хоёр 1970-аад онд Хойд Солонгосын тагнуулчдын хулгайлсан япон иргэдийн асуудлыг шийдэх тал дээр нягт хамтрах ажиллагааг үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ тухай тохиролцоог Владивостокт явагдаж байгаа Дорны эдийн засгийн чуулга дээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар лхагва гаригт уулзахдаа хийжээ гэж Kyodo агентлаг мэдээлэв. Талууд тэмдэглэхдээ, бүх улс орнууд БНАСАУ-ын талаар гаргасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг чанд мөрдөн сахих үүрэгтэй гэжээ.
Төгсгөлд нь Шинзо Абэ шоглоом болгон жүдогийн хар бүстэй Баттулга, Путин хоёр Ерөнхийлөгчийн өрсөлдөөнийг Японд харах хүсэлтэйгээ хэлсэн байна. Үүний өмнө Х.Буттулга, В.Путин, Абэ нар залуу жүдочдын тэмцээнийг сонирхжээ.
Чуулганыг хаахдаа Алс дорнодын холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Юрий Трутнев “Дорнын эдийн засгийн чуулгаар 217 хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь 2.5 их наяд рублийн үнэлгээтэй” гэж хэлэв. Гэхдээ тэр бүх төслүүд хэрэгжих үү гэдгийг Трутнев хэлсэнгүй. Дорнодын Хөгжлийн яамны сайд Александр Галушка, төслүүдийг хэрэгжүүлэхэд асуудал байхгүй, тэдний ихэнх нь урт хугацааных гэлээ. Ойрын гурван жилд Алс Дорнодод 80 тэрбум рублийн төслүүд хэрэгжих ажээ.
“Бид маш удаан ажиллаж байна”
Галушка хэлснээр, 2015 онд зохион байгуулагдсан Алс Дорнодын анхны чуулган бараг гурван сарын дотор бүх хүлээлтээс давсан байлаа. Хоёр дахь чуулга эхнээсээ амжилттай болов. Гурав дахь нь хоёр дахиасаа улам илүү болж байгаа аж. Ирэх жилийн нь бас амжилтай болно гэдэгт сайд эргэлзэхгүй байна гэжээ.
Харин Алс дорнодын холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Юрий Трутнев арай өөр сэтгэгдэлтэй байна. Тэр барууны хориг арга хэмжээ нь бодитоор хөрөнгө оруулалтад нөлөөлж байна гэж хэлээд тухайлбал, Японтой эдийн засгийг хөгжүүлэх тал дээр маш удаан ажиллаж байгааг онцолжээ. “Бид Ерөнхий сайд Абэтай хэрхэн ажиллаж байгаа нь таалагдахгүй байна. Бид их удаан ажиллаж байна” гэж тэр хэлжээ.
Абэ жилийн өмнө хамтын ажиллагааны найман чиглэлийг нэрлэсний дараа бид “ханцуй шумлаад” л эхэлсэн. Гэтэл Алс дорнод, Япон хоёрын худалдаа зургаан сард 11 хувиар буурлаа. Бид ерөнхий томъёолол хөөхөө зогсоод зүгээр л ажиллах хэрэгтэй хэмээн онцолсон юм. Хоёр орны бизнес нийгэмлэгийнхэн мэдэгдэхүйцээр идэвхжсэн гэж Сангийн сайд Орешкин хэлж байв. Ер нь энэ уулзалтын үеэр том тушаалтнуудын маргаан их гарч байсан юм.
Трутневын хаалтын үгэнд Орос, Өмнөд Солонгос хоёрын эдийн засгийн хамтын ажиллагаанд өнгөрсөн жилд олигтой ахиц гаргаагүй байв. Бид ханцуйгаа шумлаад л байдаг, тэд бодоод л байдаг гэж тэвчээр алдаж Трутнев хэлжээ. Япон, Өмнөд Солонгос хоёртой худалдаа байгаа. Хэрэв Орос, Япон хоёр Дэлхийн хоёрдугаар дайны дүнгээр энхийн гэрээгээ байгуулж чадсан бол Японы хөрөнгө оруулалт урсах нь мэдээж.
“Владимир, бид хоёр нэгэн үеийн хүмүүс, зориг гаргаад хариуцлагыг өөртөө авч хүнд саадыг туулан, ирээдүй үедээ Орос, Япон хоёрын хүчийг харуулах ертөнцийг үлдээе. Дал гаруй жил үргэлжилж байгаа ердийн бус байдалд цэг тавья” гэж Абэ Путинд уриалж байгаа. Нэг л урагшлахгүй байна.
Энд харин Хойд Солонгос шүүмжлэгдсэнгүй. Чуулга дээр БНАСАУ худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх саналуудтай ирсэн гэнэ. Гэхдээ тэр талаар мэдээлэл гаргахгүй байна. Пхеньян В.Путиныг Хятадаас ирж явах замд нь цөмийн бөмбөг туршсанаас болж В.Путин тус орны төлөөлөгчдийг хүлээн авахгүй гэсэн байв.
Энэ чуулга нь Алс дорнодын албан тушаалтнууд иргэддээ таатай нөхцөл бүрдүүлэх ёстой гэсэн загналт дуулснаар бас санагдан үлдэх байх. Сүүлийн 25 жилийн дотор Алс дорнодоос бараг хоёр сая хүн гарсан ч тэнд амьдрагчдын тоо нэмэгдээгүйд Оросын Ерөнхийлөгч хилэгнэсэн юм. Тэр албан тушаалтнуудад энэ асуудлыг ноцтойгоор авч үзнэ гэж сануулж байлаа. Эдгээр асуудлуудаа Орос хэрхэн шийдэх нь удахгүй харагдана биз дээ.
Бэлтгэсэн М.ЭРДЭС
Фото: Yuri Maltsev/Reuters