[starbox]
Монголын нүүрсний салбарыг хөгжүүлэх найдвар, гарц хэмээн нэрлэж ирсэн “Coal Mongolia” чуулга уулзалт Улаанбаатар хотноо долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдийн Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Экспортыг нэмэгдүүлэх дэд бүтэцтэй болох нь хамгийн тулгамдсан асуудал. Нүүрсний тээврийн асуудлыг шийдвэрлэх гарц бий ч шийдэлд хүрч чадахгүй байгаа нь эдийн засгийг хойш нь чангааж байна” гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байна.
Энэ шүүмжлэл анх удаа сөхөгдөж байгаа юм биш. “Coal Mongolia” чуулга уулзалт анх зохион байгуулагдсан 2010 оноос хойш энэ асуудал хурцаар тавигдаж, өнөөдөр улиг болохын хамт Монголын Засгийн газрыг чихийг халууцуулж байгаа юм. Чуулга уулзалт анх болсон 2010 онд нүүрс дэлхийн зах зээлд ноёрхож, манайхан “Монголын нүүрс моодонд орлоо” хэмээн хөөрцөглөж байв. Гэвч долоон жилийн дараа байдал дээрдсэнгүй. Монголын нүүрсний салбар төдийгүй эдийн засаг “мөлхсөн” хэвээр л байгаа. Энэхүү нийтлэлээр болж өнгөрсөн “Coal Mongolia” чуулга уулзалтаар хөндөгдөж байсан асуудлыг эргэн сануулья.
“Coal Mongolia-2010”: Монголын уул уурхайн салбар дэлхийн анхаарлын төвд орсон 2010 онд Улаанбаатарт нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын анхны чуулга уулзалт болов. Энэ онд 16 сая тонн нүүрс экспортод гаргаж, төсвийн орлогын 40 хувийг энэ салбараас бүрдүүлсэн монголчууд ирээдүйд экспортын хэмжээг 40-50 сая, цаашлаад 200 сая тоннд хүргэх тухай мөрөөдөж байсныг архивын баримтууд сануулж байна.
Гэхдээ энэ их хэмжээний нүүрсийг яаж экспортлох юм бэ. Уламжлал болсон авто тээврээр зөөсөөд байх уу, арай өөр гарц хайх уу. Технологийн зууны нүүрсний хэрэгцээг бид орчин цагийн ердийн хөсөг “үхэр тэрэг”-ээр хангах гэж оролдоод мөрөөдөлдөө хүрч чадах уу? Эдгээр асуудлыг нүүрсний салбарынхан болон Монголын Засгийн газар нааштайгаар шийдэх амлалт авснаар “Coal Mongolia-2010” анхны чуулга уулзалт өндөрлөж байв.
Мөн тулгамдсан, шийдэх ёстой асуудалд, Монголын нүүрсний ирээдүйг 10, 20, 50 жилээр төлөвлөх, энэ салбарын татвар, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийн бодлогоор нүүрсний аж үйлдвэрийг дэмжих, нүүрсийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах. Үндэсний хэмжээний боловсон хүчин бэлтгэх, нүүрсний чиглэлийн эрдэмтэн мэргэд, мэргэжилтэн, судлаач, эрдэм шинжилгээний байгууллагуудыг яаралтай бэхжүүлэх, салбарын өнөөгийн хөгжлийн хурдцаас төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа, уялдаа холбоог хоцроохгүй байх зэрэг олон зүйл багтаж байсан юм.
“Coal Mongolia-2011”: Олон улсын чуулга уулзалт хоёр дахь жилдээ “Монгол-Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч” уриан дор зохион байгуулагдаж байлаа. Монголын тал 2010 онд 16 сая нүүрсний экспортоо ойрын жилүүдэд 40 сая тоннд хүргэнэ. Эдийн засагт нэлээд том жин дарж байгаа нүүрс үйлдвэрлэлийг Оюутолгойн үйлдвэрлэл эхлэхээс өмнө шийднэ. Бас ложистикийг хөгжүүлнэ, төмөр замтай болно гэсэн гэгээн мөрөөдлөө танилцуулав. Харин чуулганд оролцогсод 2010 онд болж өнгөрсөн уулзалтын үед хөндөгдсөн нүүрсний салбарыг сэргээхэд чухал алхам болж өгөх саад бэрхшээлийг дахин хөндөж, монголчууд ч энэ бүгдийг яаралтай шийдэх ёстой гэсээр үлдэцгээлээ.
“Coal Mongolia-2012”: Жилийн дараа манай нүүрсний салбарынхан Олон улсын чуулга уулзалтад оролцогчдыг “Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” уриатай ээлжит “Coal Mongolia” уулзалтандаа урилаа. 2011 онд 22 сая тонн нүүрс экспортлосон монголчууд энэ чуулга уулзалтад оролцогчдод ахиад л Монголын нүүрсний ирээдүйг 10, 20, 50 жилээр төлөвлөх, энэ салбарын татвар, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийн бодлогоор нүүрсний аж үйлдвэрийг дэмжих, нүүрсийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татна гэж амлаад үлдэж байв.
“Coal Mongolia-2013”: Энэ онд эрх баригчид Монгол Улс жилд 60 сая тонн нүүрс экспортод гаргах хүчин чадалтай уурхайнуудтай хэрнээ бид 20 сая орчим тонныг экспортлож байгаа. Одооноос нүүрсний хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгах, эдийн засагт үзүүлэх нүүрсний нөлөөг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлж, улсын нэр хүндээ өргөх алхамыг хийнэ гэсээр хөрөнгө оруулагчдыг угтсан.
Мөн Уул уурхайн яам Нүүрс хөтөлбөрийг боловсруулсан гэдгээ зарлаж, уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах талаар анх удаа ам нээж байлаа. Харин чуулга уулзалтад оролцогчид нүүрсний өрсөлдөх чадварт тээвэрлэлт сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдэцгээсэн юм.
“Coal Mongolia-2014”: Хоёдугаар сард болсон энэхүү олон улсын чуулга уулзалт хоёр өдөр үргэжилсэн. Уламжлал ёсоор нүүрсний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийн чиг хандлага, нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэл зэрэг илтгэлүүд тавигдсан.
Шинэ сонин гэвэл тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улс 2014 онд нүүрсний экспортоо 34 сая тоннд хүргэхээр зорьж байна. Ирэх 20 жилийн хугацаанд Монгол Улс нэг тэрбум тонн нүүрс Хятадад нийлүүлэхээр тохиролцсон хэмээн ам алдсан юм. Гэвч энэ нь жинхэн популизм болоод өнгөрсөн. Монгол Улс 2013 онд 18 сая, 2014 онд 19 сая тонн нүүрс л экспортлосон. Нүүрсний зах зээлээ тэлж чадаагүй шалтгаан нь мөнөөх л тээвэрлэлтийн асуудал. Энэ асуудал “Coal Mongolia-2014” арга хэмжээн дээр хурцхан өрнөж байв.
“Coal Mongolia-2015”: Монголын нүүрсний салбарынхан оны эхээр энэхүү арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулав. Дөрөвхөн жилийн өмнө энэ салбарын ирээдүйг өөдрөгөөр харж байсан гадаад, дотоодын оролцогчдын харц харин бүүдийчихсэн байв. Шалтгаан нь Монголын эрх баригчдын хувийн ашиг сонирхол, улс төрийн тогтворгүй нөхцөл байдал. Бас Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлт.
Баялаг нь өөрөө бэлэн байгаа. Гэхдээ улс төр нь тогтвортой, хууль эрх зүйн орчин нь өөрчлөгдчихөөгүй бол хөрөнгө оруулахад бэлэн хүмүүсийн найдвар тасраагүй байв. Нөгөө талаар “Coal Mongolia-2015” чуулга уулзалтад оролцсон гадныхан монголчуудад тав дахь жилдээ тээвэрлэлтийн асуудлаа шийдэх ёстойг анхаарууллаа. Өнгөрсөн таван жилд БНХАУ, ОХУ, Казахстан улсуудыг холбосон төмөр замын гарцууд нээгдэж, нүүрсний экспорт, импортын хэдэн арван тэрбумын гэрээнүүд зурагдсан бол монголчууд энэ үед төмөр замын нэг далангийн хэрүүлтэй л сууж байсан юм.
“Coal Mongolia-2016”: Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг тэлэхэд чиглэсэн энэ олон улсын арга хэмжээ энэ онд “Coal & Metals Mongolia” нэрийн дор зохион байгуулсан юм. Өнгөрсөн таван жилд нүүрсний салбарт нэг ч шинэ төсөл хэрэгжүүлээгүй монголчууд энэ удаа хөрөнгө оруулагчдад хэлэх үггүй шахам сууж байлаа.
Байгаа ганц Тавантолгойн төслөө хүчин чадлыг өргөжүүлэх вэ, төслийн гэрээг яаж хийх вэ, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлыг урагшлуулах гэсэн улиг болсон сэдвээ л ярихаас өөр аргагүйд хүрсэн байв. Коксжсон нүүрсний экспортын хэмжээ буурч, үнэ нь ч доошилсон үе. Гурав дахь хөрш гэж том дуугардаггүй юм аа гэхэд өмнө талд байх том зах зээлээ ашиглаж чадаагүйгээ улс төртэй холбоотой гэсэн шүүмжлэл энэ үед өрнөөд авсан юм.
“Coal Mongolia-2017”: Энэ есдүгээр сарын 7-9 нд нүүрсний салбарын олон улсын чуулга уулзалт уламжлал ёсоороо болж байна. Хөрөнгө оруулагчдыг монголчууд өнгөрсөн онд Монгол Улс 26 сая тонн нүүрс олборлосон гэсэн мэдээтэй л угтаж байх шиг байна. Арга хэмжээнд хөрөнгө оруулагчид гэхээсээ илүү нүүрсний худалдаа, тээвэр ложистик хийх, технологи нийлүүлэх сонирхолтой компаниуд түлхүү оролцож байгаа аж. Оролцогчдын тоо өмнөх жилүүдээс буурчээ.
Энэ жилийн чуулга уулзалтын сэдэв нь мөнөөх л улиг болсон тээвэр ложистикийн дутагдал. Хамгийн хоцрогдсон систем болох авто зам, хил гаалийн асуудал. Нүүрс моодонд орж байсан тэртээх он жилд Гашуунсухайтын боомтод 30 км үргэлжилсэн авто тээврийн түгжрэл үүслээ гэхэд цочиж байсан. Харин одоо энд 150 км түгжрэл үүсэх нь ердийн хэрэг болжээ. Өдөртөө 2000 машин хилээр гардаг байсан бол одоо 400 машин л чадан ядан гарч байгаа мэдээ байна.
Чуулга уулзалтад оролцогчид Засгийн газарт нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийг өсгөх тээвэрлэлтийн асуудлаа шийдэхийг долоо дахь жилдээ санууллаа. Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт руу нэг тонн нүүрсийг автомашинаар 28 ам.доллараар тээвэрлэдэг. Хэрвээ төмөр замтай болчихвол 6 ам.доллараар тээвэрлэх боломжтой. Зөрүү нь 22 ам.доллар. Энэ бол Монголын эдийн засагт нөлөө үзүүлэх хэмжээний мөнгө юм.
Монголын нүүрсийг худалдаалах, тээвэрлэх сонирхолтой хөрөнгө оруулагчид найдвар өвөрлөөд Улаанбаатарт чуулж байхад нүүрсний тээвэрлэлт, төмөр зам хэмээн хамгийн их ярьдаг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д ажиллаж явна. Тэр харин тэнд Монголын төмөр зам, коксжих нүүрс, далайн тээврийг ярьж яваад ирсэн. Эх оронч Ерөнхийлөгч маань уг нь “айлаас эрж байхаар авдараа уудлах” ёстой байв.
1 comment
baigaa nuuts bololtsoogoo saijruulah tal deer ajillah heregtei shde ilu uildel hiij yavah hoorond 2000 mashi gardag bhad 400 gardag bplloo shde temtsern uzej yavah hporond zasag tur chini uimj baina teeverchid chini bugd sul zogsolt jolooch nar ajilguidel ovoo sergej bsan ediin zasag uimeeneer navs buuj ehellee ene heni butuu ve zasag tur butuutai nuguu zasag u gagch nar buruutai hurdan zasah heregtei bairand nk oruulah heregteishde