Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Дорнын Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр манай Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарыг Япон улсад айлчлахыг урив. Ингэхдээ олимпийн аварга, Японы алдарт жүдоч Ясухиро Ямашитатай үзүүлэх барилдаан хийхийг санал болгожээ. Түүнчлэн Абэ: “Бид бүхэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг жүдо бөхийн спортын хар бүстэй гэдгийг сайн мэднэ.
Дээр нь энэ завшааныг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч гэсэн жүдогийн хар бүстэй гэдгийг олон нийтэд хэлэхийг хүсч байна. Яг одоо энэ танхимд жүдогийн олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Японы алдарт жүдоч Я.Ямашита хүрэлцэн ирсэн байна. Иймээс би та гуравт зориулан сонирхолтой бөгөөд сайхан санал тавимаар байна. Ноён Ямашита, та Японы жүдогийн хар бүс эзэмшигчдийн холбооны шугамаар хоёр ерөнхийлөгчийг Японд уривал ямар вэ.
Тэгвэл та ерөнхийлөгч В.Путин, Х.Баттулга нартай үзүүлэх барилдаан хийх боломжтой юу. Энэ саналыг минь хүлээж авах уу. Миний хувьд энэ маш сонирхолтой байх болно хэмээн ярьжээ. Харин түүнээс өөрөө барилдах эсэхийг нь хөтлөгч асуухад Абэ: “Надад хар бүс байхгүй. Бас бэртэж гэмтэхээс болгоомжилж байна. Тиймээс би дэвжээний хажууд гайхалтай барилдааныг үзэж суусан нь дээр байх” хэмээн бултжээ.