-Кем Чин Уны догшин авир өсвөр настай нь холбоотой гэжээ-
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны өсвөр насандаа гаргадаг байсан догшин авир өдгөө олон улсыг түгшээх гол шалтгаан болжээ. Дэлхийн хамгийн залуу удирдагчийн түүхийг судлахаар Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүй Байдал, Стратегийн Хүрээлэнгийн захирал асан Нам Сун Вок нь 2008 онд түүний суралцаж байсан Швейцарийн Берн хот дахь олон улсын дунд сургуульд зочилсон байна.
Кимтэй холбоотой материал цуглуулах явцад нэгэн сонирхолтой баримт илэрчээ. Ирээдүйн удирдагч 15 настайдаа тамхи татдаг байсан бөгөөд найзалж байсан ангийнх нь охин нэгэн удаа хорт зуршилаа хаяхыг зөвлөсөн байна. Харин Ким Чен Ун дэлбэртлээ уурлаж найз охиноо элдвээр харааж бүдүүлэг зан гаргаж шоконд оруулсан тухай баримт олджээ.
Судлаачийн үзсэнээр түүний энэ зан Хойд Солонгосын бодлогод нөлөөлж байгааг өчигдөр хурлын үеэр ярьсан байна. Тиймээс залуу удирдагчийг зайлуулах нь аюулгүй байдлыг хамгаалах цор ганц арга болохыг эрх баригчдад санал болгожээ. Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх арван хоёрдугаар сарын 1-нд Ким Чен Уныг устгах зорилготой тусгай тасаг байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Түүний эцэг Ким Жон Ил 2008 онд тархины цус харвалтаар өвдсөнийхөө дараа хамгийн бага хүүгээ залгамжлагчаар бэлдэж эхэлсэн түүхтэй. Том хүү Ким Жон Нам нь эцэгтэйгээ таарамжгүй харилцаатай байснаас гадаадад олон жил амьдарч байгаад өнгөрсөн жил бусдад хорлогдсон билээ. Харин хоёр дахь хүү Ким Жон Чул нь эмэгтэй дааврын хэмжээ илүүдэлтэй тул сул дорой нэгэн байсан гэнэ.
Эх сурвалж: Independent