УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдаж эхэллээ. Өнөө өглөө 09,00 цаг өнгөрөөж эхэлсэн энэ хурлаар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан тухай асуудлыг асуудлыг хэлэлцэх юм. Хурал зүгээр нэг эхэлсэнгүй. Төрийн ордонд хөл хорио тогтоож, сэтгүүлчдийн өрөөнд хяналт тавьсан байдалтай байна.
Хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцож байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр энэ хуралд оролцохоор очжээ. УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр харьяалалгүй Байнгын хорооны хуралдаанд суух эрхтэй байдаг. Нөгөө талаар У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэрэгт Н.Номтойбаярын нэр холбогдсон. Тиймээс Н.Номтойбаяр хуралд суух хүсэлтээ өгч, хурлын зааланд очжээ. Гэвч түүнийг хамгаалалтын албаныхан “битгий оруул” гэж хэлсэн хэмээн оруулахаас татгалзжээ. Үүнээс болж энэд бяцхан маргаан дэгдээд авсан байна.
Шадар сайд У.Хүрэлсүхйин тухайд наймдугаар сарын 11-нд түүнийг хоёр сарын турш цагдан мөрдсөн хэмээн мэдэгдээд байгаа гэрч гэх Ч.Батболд болон Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ болон О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарыг Нийслэлийн Прокурорын газрын саналын дагуу цагдан хорьж шалгах шийдвэрийг Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн шүүх гаргасан.
Тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар цагдан хориулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх нэр бүхий яллагдагч нарыг тус бүр 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.