УИХ-ын ээлжит бус чуулганыг У.Хүрэлсүхийн асуудал гацаав

УИХ-ын гишүүн Сү.Батболдын тэргүүлдэг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд ‘Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлаар цугларсан материалтай танилцаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үдээс өмнө (2017.09.06) хуралдсан ээлжит бус чуулганы үеэр Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудалд Ерөнхий сайд холбоотой эсэхийг шалгаж өгөх хүсэлт гаргаад байгаа.
С.Батболдын удирддаг энэ дэд хороо хуралдах хүртэл МАН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганаас завсарлага авсан.
Өнгөрсөн сарын 25-нд (2017.08.25) АТГ Шадар сайд У.Хүрэлсүхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ нь Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн яллагдагчаар татах дүгнэлт гарган, хэргийг прокурорт шилжүүлсэн байгаа.
Энэ хэргийг гардан гүйцэтгэсэн Ч.Батболд болон Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ болон О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарыг Нийслэлийн Прокурорын газрын саналын дагуу цагдан хорьж шалгаж байгаа юм.
Өнөөдөр үд дундын үед Төрийн ордон дахь Шадар сайдын өрөөнд Засгийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд цуглав. Ц.Даваасүрэн, Я.Содбаатар тэргүүтэй гишүүд энэ уулзалтаа Шадар сайдтай зарим нэг санал солилцсон хэмээн тайлбарлаж байна.