[starbox]
Түрүүч нь http://updown.mn/23563.html
Саудын Арабын хааны удмын хүн байна гэдэг хүнд, бас тун аюултай. Сүүлийн гурван сарын хугацаанд дөрвөн хунтайж амиа алдаад байгаа нь Саудын хаанчлал ямар хямралд орсныг гэрчилж буй юм. Энэ тухай нийтлэлч Владимир Тихомировын нийтлэлийг товчлон хүргэж байна.
…Сонирхолтой нь “залуу хунтайж нар”-ын тэргүүлэгч нь Абдул-Азиз хааны 20 дахь хүү, хаан ширээ залгамжлах магадлал хамгийн өндөрт тооцогдож байсан Таляль хунтайж гэнэ. Тэрбээр сайхан амьдралыг хүсч сөрөг хүчин болоогүй. Яагаад гэвэл хоёр дахь хаан Саудын үеэс л тэрбээр Засгийн газарт ажиллаж, Сангийн сайдын алба хашиж байсан юм. Харин Саудыг бага дүү хунтайж Фейсал нь хаан ширээнээс түлхэн унагасан цэргийн эргэлтийн дараа хунтайж Таляль хэсэг хугацаанд баруунд бүгж байв. Ингээд Фейсал хааныг таалал төгссөний дараа эх орондоо эргэн ирж, залуу хунтайж нарыг нэгтгэсэн сөрөг хүчин, үнэний төлөө дуугарагч болжээ.
Үүнээс гадна түүний хүү хунтайж Аль Валид ибн Таляль хэмээх санхүүч, тэрбумтан залуу “залуу хунтайж нар” дотроо ихээхэн нэр хүндтэй. Ойрхи Дорноддоо ховорхонд тооцогдох “өөрийнхөө хүчээр гарч ирсэн” гэгдэх тэрбээр барилгын бизнест багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийж, гараагаа эхэлсэн түүхтэй. Ингээд Аль Валид 20 жилийн дотор хөгжүүлэгч, Саудын Арабын томоохон банкир болсон байна. Өдгөө тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 22 дугаарт бичигддэг.
Түүний хуучин эхнэр Амира Аль-Тавил ч либерализмын өвөрмөц дүр төрх болж чаддаг. АНУ-ын Нью-Хейвен их сургуулийн төгсөгч тэрбээр Саудын гүнж нар дотроос нүднээс бусдыг нь хаасан хижаб алчуур, абайю даашинз өмсөхөөс анх удаа татгалзсан нэгэн. Түүнчлэн Амира гүнж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч гэдгээрээ алдартай төдийгүй эмэгтэй хүн машин барих, эрчүүдийн зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх эрхтэй гэж үздэг.
“Залуу хунтайж нар”-ын өөр нэг удирдагч нь 2011 онд нас барсан өв залгамжлагч хунтайжийн хүү Бандар ибн Султан хунтайж юм. Бандар хунтайж нь АНУ дахь Саудын Арабын Элчин сайдаар 22 жил ажиллаж байсан нэгэн. Тийм болохоор АНУ Ойрхи Дорнодод Саудын Арабыг стратегийн холбоотон гэж үздэг гол гавьяаг тэр байгуулсан гэсэн үг.
Өвгөд “багачууд”-ын эсрэг
Талялийг өв залгамжлагч хунтайжаар томилсон нь консерваторууд болон ваххабит исламыг дэмжигчид, ялангуяа Судайри омгийнхны дургүйцлийг ихэд төрүүлжээ. Ингээд Абдалла хаан шинэ өв залгамжлагчаар 78 настай хунтайж Наиф буюу Судайри омгийн төлөөлөгч, тус улсын Дотоод хэргийн сайдаар олон жил ажиллаж байсан хүнийг нэрлэжээ.
Энэ явдлын дараа “залуу хунтайж нар”-ын эсрэг жинхэнэ ангуучлал эхэлж, түүнийг Наиф хунтайжийн том хүү, Дотоод хэргийн сайдын нэгдүгээр орлогч, хунтайж Мухаммад толгойлж эхлэв. Тухайлбал, хэвлэлүүдээр 29 настай Мажид хунтайжийн зүй зохисгүй үйлдлийг олонд дэлгэсэн байна. Залуу хунтайж Калифорни дахь шилтгээндээ гэрийн үйлчлэгч гурван эмэгтэйг хорьж, секс хийх, өрөөнүүдийг нүцгэн цэвэрлэхийг шаардаж байсан гэнэ. Ингээд гэрийн үйлчлэгчид цагдаагийн газарт хандсан байна.
Бас нэг хунтайж Абд аль-Мохсен Бейрутын нисэх онгоцны буудалд 24 хайрцаг, найман чемодан дүүрэн каптагоны шахмал эмтэй баригджээ. Шинэ төрлийн синтетик хар тамхи болох ийм эмийн нийт жин нь хоёр орчим тонн байв. Ингээд хунтайжийг дөрвөн хамтрагчийнх нь хамт баривчилсан аж.
Түүнчлэн Лондоны тансаг зэрэглэлийн “Landmark” зочид буудалд 34 настай хунтайж Сауд ибн Абдул-Азиз Арабын нэгэн язгууртны нууц амраг, өрөөний үйлчлэгчээ үхтэл нь зодсон хэрэг дуулиан тарьж байлаа. Тэдний хэрүүлийн гол шалтгаан нь Гэгээн Валентины өдөр байв. Ингээд Лондоны шүүхээс хунтайжид 20 жилийн ял оноосон боловч дараа нь түүнийг таван британи ялтнаар сольж, эх оронд нь үлдсэн ялыг эдлүүлэхээр болсон билээ. Хожим нь Абдалла хаан удмынхаа залууг өршөөсөн.
Арабын вант улсын хаан ширээ залгамжлал
2012 онд өв залгамжлагч хунтайж Наиф тодорхойгүй шалтгааны улмаас нас барахад хаан ширээг залгах хүнээр Судайри омгийн бас нэг төлөөлөгч болох хунтайж Салман тодорчээ.
Түүний хувьд хаан ширээг залгамжлах тэмцэлд төрсөн ах Туркугээсээ өрссөн нь язгууртнуудын ярианы гол сэдэв болжээ. Ингээд 2015 оны нэгдүгээр сарын 23-нд таалал төгсөж, хунтайж Салман Саудын Арабын шинэ эзэн болсон байна. Тэрбээр угсаа залгамжлагчаараа Судайри омгийн ах дүү нараасаа бус, анхны хаан Абдул-Азизын амьд сэрүүн үлдсэн хамгийн бага хүү Мукриныг томилжээ. Тэгснээ тэрбээр гурван сарын дараа Мукриныг “эрүүл мэндийн шалтгаанаар” хэмээн огцруулсан байна. Ингээд анхны хааны ач, өв залгамжлагч Наифын хүү Мухаммад ибн Наифад дараагийн хаан ширээгээ залгамжлуулна гэжээ. Ийнхүү хоёр дахь үеийн хунтайж нарын төлөөлөгчдөөс анх удаа засгийн эрхэнд өрсөлдөх боломжтой болсонд албат иргэд нь ч гайхаж байв. Хүмүүс энэхүү Мухаммад ибн Наифын ард америкчууд байгаа учраас ийнхүү өндөрт гарсан гэж таамаглацгааж байлаа. Учир нь тэрбээр Цагаан ордонд хаалтгүй нэгэн байсан бөгөөд тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обамаг таньдаг, Тагнуулын төв газартай алан хядах ажиллагааны эсрэг үйл ажиллагаанд хамтарч оролцдог нэгэн аж.
Хунтайж нарын ангуучлал ил болов
Британийн “The Guardian” сонинд төрөл төрөгсдөө Салман хааныг түлхэн унагахад оролцохыг уриалсан нэрээ нууцалсан Саудын нэгэн хунтайжийн захидал нийтлэгджээ. Уг захидалд “Хааны эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудал нь сэтгэцийн асуудал юм. Үүнээсээ болж ач Мохаммадынхаа хяналтад бүрэн автаад байна” гээд хаан ширээг Судайри омгийн хунтайж Ахмедад шилжүүлэхийг уриалжээ. Уг захидал ч барууныхны анхаарлыг ихэд татсан байна. Тухайлбал, Салман хаан саяхан Индонез улсад айлчлаад ирэхэд түүний албатууд нь 459 тонн эд бараа эх орондоо авчирчээ. Ингэхдээ хаан өөртөө “Mercedes-Benz” сум нэвтэрдэггүй лимузин хоёрыг авч ирсэн төдийгүй Ерөнхийлөгчийн өргөөний цахилгаан шатыг солихоор хоёр шинэ цахилгаан шат хүртэл авч иржээ. Тухайн үед олон улсын ажиглагчид дэлхийн хамгийн баян хааныг мөнгө салхинд хийсгэдэг нэгэн төдийгүй ертөнцийн нөгөө хязгаараас лифт чирч иртлээ зөнөчихөж гэцгээж байлаа.
Уг захидал Салманыг хаан ширээнд томилогдсоны дараа улсаасаа гарч, “гомдсон” хунтайж Туркигийн хүү хунтайж Султан ибн Туркигийн ч анхаарлыг ихэд татжээ. Ингээд Султан төрийн эргэлт хийхийг дэмжиж, ухаангүй тэнэг авга ахыгаа түлхэн унагахыг уриалсан байна. Үүнд Мухаммад ибн Наиф тун хатуу харуу өгсөн нь ойлгомжтой. Тагнуулчид хунтайжийг нойрсуулах эмээр нойрсуулаад улсаасаа гаргасан бөгөөд өнөөг хүртэл албан ёсоор сураггүй алга болсонд тооцогдож байна. Үүнтэй зэрэгцээд Эр-Риядад түүний эцэг Турки ч тодорхойгүй шалтганаар нас нөгчжээ.
Энэ явдлын дараа Эр-Риядын шүүхээс бас нэг төрлийг нь хэдэн жилийн өмнө хүнтэй зодолдож байгаад аминд нь хүрсэн хэргээр цаазын ял оноосон байна. Энэ бүхний араас Саудын бусад язгууртнууд шил шилээ даран алга болох болов.
Шинэ эргэлт
Өнгөрсөн тавдугаар сард хунтайж Мишааль нас барсан. Энэ үхэлд нэг л нөхцөл байгаагүй бол хэн ч үүнийг анзаарахгүй өнгөрөх байлаа. Яагаад гэвэл Мишааль хунтайж хааны өв залгамжлагчаар баталсныг шийдвэрлэдэг хааны гэр бүлийн зөвлөх байгууллага болох Тангаргийн зөвлөлийн тэргүүн байсан юм.
Ингээд долоодугаар сарын 21-нд үл итгэгчид хаанаа зөнөсөн гэдэг цуу яриа хэтрүүлэг гэдэгт итгэцгээжээ. Хаан Бандарын овгийнхныг түшиглэж, Эр-Риядад ордны шинэ эргэлт хийхэд хунтайж Мухаммад Ибн Наиф бүхий л албан тушаалаасаа арчигдсан бөгөөд түүнийг оронд хааны том хүү, 31 настай Мухаммад ибн Салман угсаа залгамжлахаар болжээ. ДХЯ-ны шинэ тэргүүнээр Судайри овгийн Ахмад хунтайж томилогдсон байна. Мөн цаашид өс хонзон авахаас сэргийлэх зорилгоор Эр-Риядад унасан өв залгамжлагч хунтайжийг дэмжигч хоёр ч хунтайжид цаазын ял оноожээ.
Хунтайжийн урхи
Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммад ибн Салман хэдийгээр нас залуу ч улс төрд шинэ хүн биш юм. Тэрбээр 2009 оноос эцгийгээ улс төрийн карьерын бүхий л шатанд нь дагалдан явж байсан аж. Анх тэрбээр Эр-Риядын амбан захирагчийн зөвлөхөөр ажиллаж байсан бол дараа нь өв залгамжлагч хунтайж, Батлан хамгаалахын сайдын хувийн зөвлөх болжээ.
2015 оны нэгдүгээр сард Салман хаан хаан ширээнд залармагцаа хүүгээ Батлан хамгаалахын сайдаар томилсон байна. Ингээд залуу Мухаммад Саудын Арабыг Йеменд хуситуудын босогчдын эсрэг дайн эхлэх шийдвэр гаргаж, Катарт болж буй хямралд голлох нөлөө үзүүлсэн гэнэ.
Харин цорын ганц дипломат амжилтаас нь дурдвал Иракийн шиитүүдтэй ойртон дотноссон явдал. Гэхдээ энэ ажил нь Мухаммадад үр дүнгээ өгөх эсэх нь маш том асуудал юм.
Эцэст нь дүгнэхэд саяхныг хүртэл тус вант улсад нөлөө бүхий овог, удмынхан засгийн эрхэнд гардаг байв. Өөрөөр хэлбэл засгийн эрхийг ахмадаараа Абдул-Азизын хөвгүүд авдаг байв. Харин одоо хаан ширээ залгамжлах систем хаягдаж, “залуу хунтайж нар” зэрэг нөлөө бүхий бүлэглэлүүд бусад овгийнхны адил Судайри овгийнхны хаан ширээ залгамжлалд үнэнч байх хөг нь өнгөрсөн бололтой. Тэгээд ч нэг нь хууль зөрчиж болоод байхад бусад нь яагаад болохгүй гэж…
Эх сурвалж: Life портал