Будапештийн дэвжээнд Монголын жудогийн баг тамирчид гайхамшигтай барилдаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жудогийн шилдэгүүдийг тэргүүлдэг гэдгээ эх орондоо, монголчууддаа дахин харууллаа. Өнгөрч яваа долоо хоногт (2017.08.05-09.01) монголчууд Унгарт болж буй жудогийн ДАШТ-ний барилдааныг амьсгаа даран үзэж, тамирчдаа дэмжив.
Монголын жүдочид энэ тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн амжилтаар Япон болон Францын багийн дараа гуравдугаарт бичигдэж эх орон, элэг нэгтнүүдийнхээ баярын нулимсыг үерлүүллээ. Олон нийтийн сүлжээнийхэн хэд хоног улс төр, албан тушаалын хэнээрхэлээр өвчилсөн бараан мэдээллээс татгалзаж, азтай одтой тамирчиддаа чин сэтгэлийн магтаалыг харамгүй илгээн, тэднийхээ амжилтаар аархаж өнжив.
“Бээжин-2008” олимпийн аварга, “Лондон-2018” олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр ДАШТ-с анхныхаа медалийг хүртэж, олимп, дэлхийн медальтан болсон бол -57 кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы Ёшида Цүкасаг вазари үнэлгээгээр ялж дэлхийн аварга болж, жудогийн дэвжээнд илүүхдэг японы тамирчдын медалийн буухиаг таслав. Тэдэнтэй зэрэгцэн Германы Хамбург хотноо ДАШТ-ий 60 кг-д өрсөлдсөн Риогийн хүрэл медальт, гавъяат тамирчин Д.Отгондалай энгэртээ хүрэл медаль зүүж, төрийн далбаагаа эгшиглүүлээд байна.
Бөмбөрцөгийн сая сая спорт сонирхогчид манай тамирчдын барилдаан, тоглолтыг харц салгахгүй үзэж, гайхамшигт монгол охид, хөвгүүд их спортын тэнгэрт Төрийн далбаагаа мандуулж байхыг үзлээ. Дэлхийн шилдэг тамирчдыг тэргүүлсэн жинхэнэ од Монголын баг тамирчид эх орондоо ирэх хугацаа ойртож байна. Тэднийг харин “Чингис хаан” олон улсын нисэх буудал байрлах Буянт-Ухаагийн дэнжид хэн тосон угтах бол?
Энд хамгийн түрүүнд тамирчдынхаа ялалт, амжилтаар бахарсан ард олон цуглана. Хамгийн халуун дулаан, чин сэтгэлийн баярыг тамирчиддаа тэд л хүргэж чадах нь тодорхой. Нөгөөтэйгүүр тамирчдыг ард түмнийхээ амьдрал ахуйд сэтгэлээ чилээж чаддаггүй хэрнээ албан тушаал, нэр хүнд хоёрт нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй, ичих нүүрэндээ элэг наасан улстөрчид тосон угтахаар уралдах биз ээ.
Ийм уламжлал тогтоод олон ч он өнгөрч, монголчууд ч үүнд дасах тийш ээ ханджээ. Төрийг түвшин байлгах ёсоо мартаж, ард иргэдийн хүслээр шоу хийж, Монголын ард түмний эв нэгдлийг сарниулахад өндөр үүрэгтэй оролцож байгаа улстөрчдөд очихгүй үйл явдал, гарахгүй тайз гэж үгүй болсон.
Ийм ч спорт холбооны Удирдах зөвлөлийн дарга, тийм ч спорт хорооны гишүүн гэсэн гуншигаас өөр их спортод гавьяа байгуулаагүй тэд медалийн өнгө нь шинээрээ гялалзах дэлхийн шилдэг тамирчдыг тосон угтаж, зургаар нь гоёж, мэдээллийн хэрэгслээр өөрийгөө рекламдахын хүслэн болж яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Уг нь тэдэнд ичих нүүр, бодох сэтгэл байвал сайнсан.
Д.ХАЛИУН
1 comment
2018 ond uwliin olimp bolno mun tuwshee awarga medali awaagvi shvdee zuw medeeleel oruulaachee