Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав хүнд өвчнөөр өвдсөнтэй холбоотой Монгол орны хамжээнд сайн үйлсийн аян өрнөж, бүхий л салбарын төлөөлөл хандив туслалцаа үзүүлж эхлээд байгаа билээ. Тэрбээр долдугаар сарын дундуур ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор БНХАУ-д хоёр ч удаа хагалгаанд ороод байгаа юм. Эхний хоёр ч удаагийн мэс заслийг ард олны хандиваас бүрдсэн 60 гаруй сая төгрөгөөр хийгдээд байсан. Ингээд цаашид үргэлжлүүлэн удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул Монгол түмний хайртай суут эрхэмд зориулсан хандивийн үйл ажиллагаа хилийн чанадад амьдарч байгаа элгэн нутгийнхны дунд ч өрнөөд байна.
Шведийн Вант улсад ажиллаж амьдарч байгаа Монголчууд ч энэ хандивийн сайн үйлсийн аянд нэгдлээ. Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг МН клуб болон дуу хөгжмийн “Семон” хамтлагаас санаачлан хөгжмийн зохиолч Б.Шаравт зориулсан үдэшлэгийг зохион байгуулж энэ үеэрээ сайхан сэтгэлийн өглөг өргөх хандивиын хайрцаг аялуулсан билээ.
Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Швед дэхь Монголчуудын үндэсний холбоо, Монгол хэл соёлын хөгжүүлэх “Төгс Билэгт” төв, “Хос жигүүр” төв, “Монгол Алтай” компани, “Оргил” мэдээллийн төв, сонгодог хөгжмийн “Сувдан өрөг” сургалтын төв, Монголын залуучуудын холбооны салбар зөвлөл зэрэг байгуулагуудаас гадны хувь хүн хамт олон идэвхитэй оролцлоо.
Энэхүү хандивийн үйл ажиллагааны үеэр нийтдээ 10.310 швед крон буюу 1200 ам.доллар цугласныг МН клубын төлөөлөл нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын хандивийн дансанд шилжүүлсэн тухайгаа мэдээллээ.
Монголын хөгжмийн урлагийн сор бүтээл болох “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” зэрэг олон сайхан уран бүтээлийг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай туурвисан билээ.
Бэлтгэсэн Р.Хишиг-алдар