Засгийн газрын хуралдаан өнөөдөр буюу мягмар гаригийн 11:00 цагт эхэлж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Газрын тосны өдөрийг баталлаа. Мөн “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сүүлийн 20 жилийн хугацаанд 10 гаруй хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд манай улс эхийн эндэгдэлийн түвшинээрээ өндөр орноос дунд зэрэг орны тоонд шилжжээ. Гэвч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байна. Тухайлбал,
2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм. Судалгаагаар эхийн эндэгдэл нь 32.9 хувь нь ажилгүй, 25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болжээ. Иймд уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм байна.