Монголын анхны цахим сургууль болох Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 21 анги нэмэгдсэн нь сургалтын үр дүн сайжрах боломжийг бий болгожээ.
84 дүгээр сургуулийн нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр нийт хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлээд “Энэ хичээлийн жилийн өнгө төрхийг боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл явц тодорхойлж байгаа билээ. 2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтад орж, хүчин чадал 10 мянга 680 суудлаарх нэмэгдэж байна.
Тэдгээрийн нэг нь 84 дүгээр сургуулийн өргөтгөл юм. Энэ хичээлийн жилд 3 сургуулийг 3 ээлжээс гаргаж чадлаа. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодотголоор 17 сургууль, цэцэрлэгт их засвар хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсрол 2020” хөтөлбөр батлагдлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон улсын хөтөлбөрт болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ.” гэлээ.
Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль “Хүүхэд хөгжүүлэх цогц бодлого” боловсруулж, 4 үндсэн чиглэлээр 40 гаруй төрлийн хөгжүүлэх сургалт, секц, дугуйлан хичээллүүлдэг байна. Мөн цахим орчин бүрдүүлэн, цахим картыг нэвтрүүлж, сургалтын болон удирдлагын бүх үйл ажиллагааг программчилсан Монголын анхны цахим сургууль юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.