Афганистанд Америкийн 11 мянга орчим цэрэг алба хааж байна. Энэхүү мэдээллийг Пентагоноос зохион байгуулсан хэвлэлийн хурлаар өгсөн байна. “Reuters” агентлагийн тэмдэглэснээр энэ нь өмнө нь тооцоолж байснаас ч олон гэнэ.
Энэхүү мэдээллийг албан ёсны төлөөлөгч дэлгэж байгаа нь Афганистан дахь дайчдын тоо үнэхээр нэмэгдсэн гэдгийг илтгэж байгаа хэрэг биш юм. Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мөргөлдөөний бүсэд байгаа цэргүүдийг тооцоолох аргад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсний дараа ийнхүү тооцооллыг нэмэгдүүлж, гаргаж иржээ.
Үүнээс өмнөхөн Пентагоноос Афганистанд алба хааж буй америк цэргийн тоо 8.4 мянгад хүрсэн гэж мэдээлж байсан юм. Түүнчлэн Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Дана Уайт Ирак, Сири дэх Америкийн алба хаагчийн тоог гаргах ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдсэн байна. Гэхдээ яг одоогийн байдлаар Иракт АНУ-ын 5262, Сирид 503 алба хаагч байгаа гэж албан ёсоор мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 21-нд Афганистанд шинэ стратеги боловсруулж ажиллахаа мэдэгдсэн. Түүний хэлснээр ийм алхам хийх болсон нь Афганистаныг АНУ руу халдах сонирхолтой исламын дайчдын аюулгүй орогнох газар болгон хувиргахаас сэргийлж байгаатай холбоотой гэнэ. Түүнээс өмнөхөн Америкийн хэвлэлүүдээр Трампыг Афганистан дахь цэргийн тоогоо дөрвөн мянгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай мэдээлж байсан юм.