[starbox]
-Уршиг дагуулсан “Харви” хар салхины шалтгааныг тоочвол цаг уурын өөрчлөлт тэргүүн эгнээнд нь бичигдэхгүй аж-
Хар салхи бол дэлхийн температур нэмэгдэж байгаа эсэхээс үл шалтгаалах байгалийн ноцтой үзэгдэл юм. Тиймээс дан ганц цаг уурын өөрчлөлт хар салхины хүчинд нөлөөлдөг тухай шинжлэх ухааны үндэслэл гаргахад хэцүү. Учир нь хар салхи жилээс жилд цөөн тохиолддог болохоор хангалттай хэмжээний баримт, мэдээлэл цуглуулах боломж хомс байдаг аж. Гэхдээ илүү итгэлтэй хэлж чадах хэд хэдэн баримт бий.
Физикийн нэг алдарт хууль байдаг. Энэ бол Клапейрон-Клаузиусын тэгшитгэл. Энэхүү тэгшитгэлээр бол илүү өндөр температуртай агаар мандал илүү их чийгийг шингээдэг. Тухайлбал, агаарын темперапур Цельсийн нэг градусаар нэмэгдэхэд л чийглэг долоон хувиар өсдөг байна. Тэгэхээр дулаан цаг агаартай үед бороо илүү эрчимтэй ордог гэсэн үг.
Бас нэг тодорхой хэлэх зүйл бол тэнгисийн температур. “Өдгөө Мексикийн булангийн усны температур 1980-2010 оны хоорондох энэ үеийн дундаж үзүүлэлтээс 1.5 градусаар илүү байна” хэмээн Лондоны эдийн засгийн сургуулийн дэргэдэх Цаг уурын өөрчлөлт судлах хүрээлэнгийн ажилтан Брайан Хоскинс “ВВС”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Энэ бол маш чухал мэдээлэл. Учир нь үүний үр дүнд илүү хүчтэй шуурга үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм. Дэлхийн дулаарал Мексикийн булангийн усыг халааж буй нь ч зайлсхийхийн аргагүй үзэгдэл” хэмээн ярьжээ.
Олонх эрдэмтэд Хьюстон дүүрэгт үргэлжлэн орж буй хур тунадас уур амьсгалын өөрчлөлт хоёрын хооронд холбоо бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тухайлбал, Оксфордын их сургуулийн доктор Фридерике Отто “Асар их хэмжээний бороо үргэлжлэн орох зэрэг үйл явц дулаан цаг уурт л тохиодог. Хьюстонд хур тунадас үргэлжлэн орж буйг харахад уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх магадлалтай” хэмээн мэдэгджээ.
Хүрээлэн буй орчны асуудал эрхэлдэг өмгөөлөгчид өдгөө “Харви” хар салхи зэрэг хүний хяналтаас хэтэрсэн байгалийн гамшгийг дээд тэнгэрийн хүч үү, эсвэл хүний үйл ажиллагаанаас буюу олборлосон түлш шатааснаас үүссэн асуудал уу гэдгийг хэлэлцэж байна. Өмгөөлөгчдийн гаргасан “Nature Geoscience” сэтгүүлийн нийтлэлд бичсэнээр агаар дахь хүлэмжийн хийн ялгарлаа багасгах оролдлого хийгээгүй орнуудыг шүүхэд өгөх хэрэгтэй гэжээ. Гэхдээ өнөөг хүртэл байгалийн үзэгдлээс болж хэн нэгэнд шүүхийн хариуцлага үүрүүлэх оролдлого үр дүнгүй явсаар ирсэн.
Харин Лондоны “Client Earth”, Вашингтоны “Earth and Water Law” фирмийн хуульчид удахгүй бүх зүйл өөрчлөгдөнө гэдэгт найдаж байна. Тэдний хэлж буйгаар attribution science буюу шинэ салбар ухаанаар ямар тодорхой үйл явдал болсон, хүний үйл ажиллагааны улмаас цаг уур өөрчлөгдөж, байдал хүндэрсэн эсэхийг шүүгчид нарийн тодорхойлдог болно гэж таамаглаж байна. Түүнчлэн тэд ирээдүйд аливаа улсын төр засаг, эсвэл бизнесийн байгууллагууд хүлэмжийн хийн ялгарлыг багасгаагүй тохиолдолд шүүхийн хариуцлагад татагддаг болно гэж үзжээ.
Харин одоохондоо бол Техасын шуурга яагаад ингэж олон хоног үргэлжилж буй нь тодорхойгүй хэвээр үлдэж байна. Энэхүү шуурга, аадар борооны уршгаар мужийн нэлээд олон хэсэг усанд автаад байгаа билээ.
Зарим судлаачид цаг уурын өөрчлөлтийн үр дагаврыг ийнхүү харж байна. Тухайлбал, Цаг уурын өөрчлөлтийн судлах Потсдамын хүрээлэнгийн профессор Штефан Рамсторф дундаж өргөргийн агаар мандал дахь агаарын урсгал ерөнхийдөө удааширсан шалтгааныг дэлхийн өөр хэсэгт уур амьсгалын өөрчлөлт байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Тэрбээр “Арктикийн дулаарал харьцангуй явагдсаны үр дүнд цаг агаарын систем илүү хөдөлгөөн багатай болж, нэг бүсдээ илүү удаж байна. Энэ нь Хьюстонд болж буйтай ижил үзэгдлүүдийг нэмнэ гэсэн үг” хэмээжээ.
Ерөнхийдөө “хөдөлгөөн багатай” ийм шуурга Техас өмнө ч хэд хэдэн удаа тэмдэглэгдэж байсан удаатай. “Клодет” тропикийн шуурга 1979 онд, “Алиссон” шуурга 2001 онд удаан хугацааны турш байрнаасаа хөдлөөгүй бөгөөд агаараасаа асар их хэмжээний аадар бороо дагуулж байсан билээ. Тийм болохоор зарим эрдэмтэд байрнаасаа хөдлөх дургүй “Харви”-г цаг уурын өөрчлөлттэй холбох нь илүүц гэж үзэж байна.
Доктор Фридерике Отто “Арктик дулаарч буй зэрэг хангалттай судлагдаагүй үйл явцыг нарийн судалгаа хийгдээгүй өнөөгийн үзэгдэлтэй холбох хэрэгтэй гэж би бодохгүй байна” хэмээжээ.
“Харви” хар салхи зэрэг үйл явдлын тухай ярихдаа зөвхөн цаг агаар, агаар, усны температур нэмэгдэх үзэгдлээс гадна агаар мандал дахь агаарын урсгалыг ч дурдах нь зүйтэй гэж шинжээч үзэж байна.
Заримдаа агаар агаарын өөрчлөлт, агаарын урсгал нь харилцан бие биенээ нөхдаг. Заримдаа бие биеийнхээ өөрчлөлтийг нэмэгдүүлдэг. Харин энэ механизм яаж явагдаж байгааг бүрэн ойлгоход маш их хүчин чармайлт, зардал гаргах хэрэгтэй гэнэ. Үүнээс гадна Лондоны их сургуулийн коллежийн дэлхийн эрүүлийг хамгаалах хүрээлэнгийн дэргэдэх Эрсдэл, сүйрлийн багасгах хүрээлэнгийн доктор Илан Келман “Хар салхи бол сүйрэл биш, зүгээр л нэг шуурга. Сүйрэл болсон нь Хьюстоны хүн ам 1990 оноос хойш 40 хувиар нэмэгдсэнд байгаа юм. Бас нэг хотод хэтэрхий олон хүн ядуу, даатгалд хамрагдаж чадахгүй байгаа нь сүйрэл мөн” хэмээжээ.
Эх сурвалж: ВВС