Францын Ерөнхийлөгч, өдгөө 39 настай Эммануэль Макроны хувьд ойрд тун таагүй өдрүүд тохиож байгаа юм. Учир нь хамгийн сүүлд явуулсан социологийн судалгаагаар иргэдийнх нь ердөө 40 хувь нь түүнийг дэмжиж байна гэжээ. Харин түүний гэргий, 64 настай Брижит Макроны хувьд ойрын өдрүүдэд тун гялалзаж байна. “ELLE” сэтгүүл түүний ярилцлагатай шинэхэн дугаар гаргасан нь сүүлийн 10 жилд тохиогоогүй олон хувь борлогджээ. Тухайлбал, энэ сарын 27-ны байдлаар 530 мянга гаруй хувь зарагдсан нь томоохон амжилт болжээ. Ингээд ELLE сэтгүүлд гарсан Брижижт Макроны ярилцлагын хамгийн сонирхолтой хэсгээс хүргэж байна.
20 гаруй жилийн ялгаа…
-Та хоёрын харилцаа өөрчлөгдсөнийг анх хэзээ ойлгосон бэ?
-Энэ явдал биднийг Эдуардо Де Филиппогийн “Хошин урлаг” жүжгийн зохиол дээр ажиллаж байхад болсон гэж бодож байна. (Брижит Эммануэлийн сурч байсан дунд сургуулийн театрын дугуйланд удирддаг байсан). Бид баасан гарагт бүрийн орой захидал бичдэг байлаа. Харин би бямба гарагаас нь эхлээд л дараагийн баасан гарагийг хүлээдэг байсан. Яагаад гэдгээ ч ойлгоогүй. Үнэхээр ухаангүй болчихсон юм шиг л санагддаг байсан гээч.
-Та эсэргүүцэхийг оролдож байв уу?
-Тийм ээ, тийм болохоор л би Эммануэлийг сургуулиа төгсөхөөр Парис яв гэж хэлсэн. Яагаад гэвэл энэ нь түүнд илүү дээр гэж бодож байлаа. Тэр үед бидний дунд ямар ч зүйл болоогүй. Гэвч хов жив үргэлжилсээр л байсан. Би зөвхөн өөрийн үр хүүхдүүд болох Себастьян, Лоуренс, Тифейнээ л анхаарч байлаа. Бусад нь надад огт хамаагүй байв. 2007 он хүртэл биесийг минь салгасан дуусашгүй алс хязгаар. Гэвч энэ хугацаанд бид бие биедээ маш их захидал бичдэг байсан.
-Энэхүү өвөрмөц түүхээс хамгийн хүнд нь юу байв? (хайрын түүхийнх нь талаар ярьж буй бололтой. Орч.)
-Өөрийн боломжийг давж амьдарч байна гэж хэлж болох уу?
-Үгүй ээ. Энэ түүх чимээгүйхэн эхэлсэн юм. Би гэр бүлдээ алгуурхнаар ойлгуулсаар байсан. Эммануэль ч гэр бүлээ аажуухан бэлтгэж байсан. Бид гэнэт л тасхийтэл буугаагүй. Ямар ч тохиолдолд гэр бүл салахад үр хүүхдүүд зовж шаналдаг. Би ч хүүхдүүддээ шаналал мэдрүүлсэн гэдгээ мэднэ. Үүнд би өөрийгөө илүү их зэмлэдэг. Амьдралд чухал сонголт хийх шаардлагатай үеүд байдаг. Надад яг л тийм зүйл тохиосон. Ингэхэд бид 20 гаруй жилийн зөрүүтэй. Энэ бол юу ч биш. Мэдээж би үрчлээтсэн, тэр залуухнаараа өглөөний цайгаа ууцгаадаг. Энэ бол хэвийн л зүйл. Хэрвээ би энэ сонголтыг хийгээгүй бол амьдралынхаа хажуугаар зөрөөд өнгөрөх байсан юм. Миний хувьд үр хүүхдүүдтэйгээ маш их аз жаргалтай байсан ч бүрэн аз жаргалтай болохын тулд Преверийн хэлснээр “Хаа нэгтээ тэр жинхэнэ хайр бий” гэдгийг мэдэрч ирсэн.
Сонгуулийн дараа…
-Ерөнхийлөгчийн сонгуулийн аяны үеэр та насны зөрүүтэй холбоотой хов жив, эхнэрийг нь үзэн ядсан байдлыг хэрхэн тэсвэрлэж байв?
-Муу. Гэхдээ би дуугүй байх хэрэгтэй гэж өөртөө хэлж байлаа. Ингээд л намжаасан даа.
-Таны нөхөр Тэргүүн хатагтайн статустай холбоотой хувиа хичээсэн байдлыг дуусгавар болно гэж амласан. Харин одоо асуудал үүсээд буй?
(Эммануэль Макрон сонгуулийн аяны үеэр эхнэрээ зөвхөн олон нийтийн үүрэг гүйцэтгэнэ, төсвөөс мөнгө авахгүй гэж амлаж байсан. Гэвч удалгүй Брижит төсвийн мөнгөөр хэд хэдэн туслах, хоёр хамгаалагч ажиллуулдаг нь ил болсон билээ. Орч.)
-Тэргүүн хатагтайн статусыг хуулиар бус ил тод байдлын тусгай баримтаар тодорхойлно. Үүгээрээ би хувьдаа шагнал авдаггүй гэдгээ харуулж, хэдий хэмжээний мөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулсан гэсэн нарийн тайлан гаргана. Елисейн ордны вэб сайтад миний уулзалт, үүрэг даалгаврыг мэдээлж, францчууд намайг юу хийж байгааг сайн мэдэх болно.
Э.МӨНХЗАЯА