Эдийн засаг

Зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн ч төсвийн алдагдал тээг болж байна

Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа нь асуудал дагуулсаар байна. Дэлхийн жишигтэй харьцуулбал хэтэрхий өндөр байгаа зээлийн хүүг манайхан тайлбарлахдаа төгрөгийн ханшийг ам. долларын өсөлтөөс хамгаалахын тулд зориуд, зохиомлоор өндөр байлгаж байна гэдэг.

Энэ нь эргээд эдийн засгаа хорлохоос хэтрэхгүй хэмээн тайлбарласаар өдий хүрсэн. Зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засагт ямар том чөдөр болж байгааг бүгд мэддэг хэрнээ шийдвэртэй алхам хийж чадахгүй өдий хүрлээ. Энэ нь эдийн засгийн чадавх сул, тэнцвэр алдагдсаныг л харуулж байгаа хэрэг. Харин ойрын өдрүүдэд Голомт банкнаас зээлийн хүүг бууруулах Үндэсний стратеги боловсруулан УИХ,Засгийн газар,   Монголбанк  гээд шийдвэр гаргах түвшинд хүргүүлээд байгаа билээ. Тэдний боловсруулсан стратегээр бол   бол даруй долоон жилийн дараа л одоогийн 19 хувьтай байгаа зээлийн хүү 10 хувиар буурч есөн хувь болох юм. Өөрөөр хэлбэл, 2024 он гэхэд өнөөдрийн зээлийн хүү 19 хувийг  бууруулж ес буюу нэг оронтой тоонд хүртэл буулгана гэсэн үг.

Тэгвэл одоо инфляци 4-5 хувь байгаа энэ тохиолдолд  12 хувьтай  бодлогын хүүг нэг оронтой тоонд хүртэл буулгавал зээлийн хүү буурах боломж бүрдсэн талаар эдийн засагчид хэлж байна. Инфляци нэг оронтой тоон дээр байна гэдэг нь  төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж дотоодын зах зээлээ дэмжих, эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн бүтцийг өөрчлөхийн тулд бодлогын шинэ тэнцвэрт суурилсан алхмуудыг авч хэрэгжүүлэх боломж бүрдээд байгааг хэлж байна.  Өөрөөр хэлбэл,  долоон жилийг хүлээж суулгүйгээр банкны хүү буурах боломж эдийн засгийн орчин өнөөдөр бүрдсэн гэж хэлж болохоор байгаа юм. Харин Монголбанк бодлогын хүүгээ буулгах тухайд ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байна.  Өнгөрсөн зургадугаар сард Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж 14 хувьтай байсан бодлогын хүүг  хоёр функтаар бууруулсан шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрээс хойш нэг улирал л өнгөрч байна. Харин хоёр функтээр буурсан нь зээлийн хүүгийн бууралтад  хумсын чинээ ч нөлөөлөөгүй. Нөлөөлөхөөр ч хангалттай хугацаа болоогүй гэх. Түүнчлэн энэ жилийн төсөв нэг их наяд төгрөгөөр алдагдалтай  батлагдсан учраас бууруулах боломж байсан ч тэд 12 хувь дээр тогтоон барьсаар байгаа нь алдагдлыг нөхөх арга гэж үзэхээс өөр байдлаар тайлбарлах боломжгүй юм. Дээр нь  шинэ тэнцвэр гэж онцолсны цаана төсвөө алдагдалгүй баталчих, тэгвэл зээлийн хүү буурах боломжтой гэсэн санааг төсөв батлах үеэр Монголбанкныхан  цухалзуулж байсан нь ийм учиртай.

Тэгэхээр алдагдалтай төсвийг нөхөхөөс нааш бодлогын хүү буурах боломжгүй бөгөөд бодлогын хүү буурахгүй учраас зээлийн хүү буурахгүй. Гэхдээ Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл ирэх есдүгээр сард хуралдах аж. Энэ хурлаас нааштай шийдвэр гарах уу гэдэг бас л  эргэлзээтэй. Учир нь зээлийн хүүг бууруулахад  төр тэтгэвэр, хөрөнгийн зах зээлийн реформыг хийж, гадаад валют, төсөв, мөнгөний бодлогодоо тодорхой уялдаа холбоотой ажлуудыг хийж байж л зээлийн хүү буурна. Нэг хоёр алхмуудыг нь үлдээвэл хүү буурах нөхцөл бүрдэхгүй гэж эдийн засагч Ө.Ганзориг хэлсэн.

Эх сурвалж:

zuuniimedee-1 Зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн ч төсвийн алдагдал тээг болж байна 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close