[starbox]
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун баллистик пуужингийн дараагийн байг Гуам арал хэмээн нэрлэлээ. БНАСАУ даваа гаригт (2017.08.28) ээлжит пуужингаа хөөргөсөн нь Японы хойд хэсгийн Хоккайдо арлын дээгүүр өнгөрч, тэнгист унасан билээ. Тус улсын хувьд Америкийн цэргийн томоохон бааз байрладаг Гуам аралд пуужингаа хөөргөнө гэж өмнө нь сүрдүүлж байсан билээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пхеньяны хамгийн сүүлд пуужин хөөргөсөн асуудлыг ихэд шүүмжилж, пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг шаардсан ч хамтарсан мэдэгдэлдээ тус улсын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай огт хөндөөгүй байна.
Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун даваа гарnгт пуужин хөөргөх ажиллагаанд биечлэн оролцжээ. Тэрбээр “Баллистик пуужин хөөргөх сүүлчийн сургуулилт цэрэг дайны цаг үеийн нөхцөлд явагдлаа. Энэ бол Номхон далайн бүсэд Солонгосын ардын армийн явуулж буй цэргийн ажиллагааны эхний алхам. Мөн Гуамыг эзлэх чухал алхам юм” хэмээн мэдэгдсэнийг тус агентлаг дамжуулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарnгт Хойд Солонгосын пуужингийн сүүлчийн туршилтаараа БНАСАУ-ын хөрш орнууд болон НҮБ-ыг жигшин зэвүүцдэгийг харууллаа гэжээ. Түүний хэлж буйгаар Пхеньян энэхүү үйлдлээрээ өөрсдийгөө улам салан тусгаарлуулж байгаа гэнэ. Түүнээс гадна АНУ боломжтой бүхий л хариултыг авч үзнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Пхеньянаас энэхүү алхмыг Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтын хариу болгож хийсэн гэж мэдэгдсэн байна. Учир нь энэхүү хамтарсан сургуулилт нь БНАСАУ-д халдан довтлох алхмаа боловсруулж байгаа хэрэг гэж Хойд Солонгосын засаг захиргаанаас үзжээ.
Орос, Хятадаас ч Америк-Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт нь бүс нутаг дахь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна хэмээн мэдэгдэж буй юм. Тухайлбал, БНАСАУ-д хориг арга хэмжээ, эсвэл хүч хэрэглэх нь сүйрлийн замд хүргэхээс өөр юу ч авч ирэхгүй гэж Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгджээ. Тэрбээр Хойд Солонгосыг пуужингийн туршилтаа зогсоож, АНУ болон түүнийг холбоотнуудыг асуудлыг улам хүндрүүлэхээс зайлсхийхийг уриалсан байна.
НҮБ-аас энэ сарын эхээр БНАСАУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ нэмсэн. Тухайлбал, БНАСАУ-аас төмрийн хүдэр, хар тугалга, нүүрс, далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглож, БНАСАУ-ын Гадаад худалдааны банкны дансыг хааж, Хойд Солонгосын тэнгисийн хөлөг онгоцуудыг боомтуудад оруулахыг хориглосон.
Хятад ч мөн хурцадмал байдал эргэлтийн үедээ ирснийг мэдэгдээд үүнд АНУ, Өмнөд Солонгосыг тодорхой хэмжээгээр буруутай гэж мэдэгджээ. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна хэмээсэн байна.