УИХ дахь МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү гишүүн бүх гишүүн амарч, газар сайгүй таран одсон зун, намрын энэ л өдрүүдэд төрийн ордонд өдөр алгасахгүй ирж тойргийнхоо сонгогчдыг хүлээж авах, янз бүрийн уулзалтад оролцох, сэтгүүлчдэд мэдээлэл хийх гээд амралтгүй ажилласаар өнөөдөртэй золгов. Түүнийг туслахтайгаа ямар нэгэн бичиг баримт боловсруулж байхад нь уулзаж доорх ярилцлагыг авлаа.
-Төрийн ордон эл хуль оргисон зун, намрын энэ л хугацаанд танай өрөө л байнга онгорхой, өөрөө ажлаа хийсээр л өнөөдөртэй золгох шиг боллоо. Өнгөрсөн зун ер нь амарсан уу?
-Улсын баяр наадам, дараа нь Даншиг наадам гээд бишгүй л амарлаа. Завсар чөлөөгөөр нь өөрийн сонгогдсон Эрдэнэт хот руу хэд явлаа. Иргэд сонгогчидтойгоо уулзаж захиа даалгаврыг нь сонсож, аж амьдралтай нь танилцаж явах нь ажил амралтыг зэрэгцүүлчхэж байна гэсэн үг л дээ. Бүгдээрээ л зунжингаа амарч, наадлаа. Одоо намар болчхоод байхад энд тэнд найр наадам дуусаагүй л байгаа бололтой юм.
Энэ жил газар сайгүй зуншлага муутай байлаа. Уг нь наадмын дараа намар гэдэг биз дээ. Зуншлага муу байсан шигээ энэ өвөл ямар ч өвөл болоо билээ. Малчид, тариаланчид, за тэгээд төв орон нутгийн өвлийн бэлтгэл юу болж байгаа бол. Цахилгаан станцуудын засвар үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн халаалт дулаан, орон сууцын хорооллуудын өвлийн бэлтгэл юу болж байгаа гээд уг нь өдийд ажил ид өрнөж байх учиртай цаг. Гэтэл хаа хаанаа ажин түжин л оргиод байна шүү дээ.
Төр засаг ч бужигнаантай л байна. Эрх баригчид хоорондоо толхилцоод л. Санаа зовох, хэлж ярих зүйл мундахгүй л байна шүү дээ. Яг иймэрхүү байдлыг монголчууд хэзээнээсээ “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэж хэлэлцсээр ирсэн биз дээ.
-Сүүлийн үед Монголын улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалд УИХ дахь сөрөг хүчин МАХН-ын төлөөллийн хувьд нэлээн шүүмжлэлтэй дүгнэлт хийж байгаа юмаа даа?
-Ерөнхийдөө ард түмэн амаа барьж байна. Яагаад гэвэл өмнөх парламент таван намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, бас бие даагчтай байлаа шүү дээ. Тухайн үед эрх баригчдын болж бүтэхгүй хатуухан хэлж, ажил үйл нь урагшгүй байвал чангахан ташуур егч чаддаг байсан. Гэхдээ сөрөг хүчин ажлаа хийгээд ч эрх баригчдын алдааг төдийлөн сайн залруулж чадаагүй л дээ. Тийм ч болохоор маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо хурдацтай нэмэгдэж, Монгол Улсын гадаад өр зээл ч талийгаад явчихсан.
Энэ бүхэнд залхсан ард түмэн “За бүгдээрээ адилхан шахуу юм чинь нэг намыг нь хэт олонх болгоод азаа үзье” гээд л МАН-ыг хэтэрхий олонх буюу 65-ын бүлэгтэй болгосон сонголт хийчихсэн. Харамсалтай нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар, за ер нь гол буруу нь Засгийн газартаа ч биш юм. Эрх баригч МАН-ынхан тогоо, шанаганы хэрүүл хийсээр байгаад өнөөдөр засгаа унагах хэмжээнд оччихлоо.
Ер нь MAH хэзээнээсээ засаглаж чаддаггүйгээ энэ удаа дахиад л нотолж байна. МАН-ын бүлгийн хурал шөнөжингөө болж олигтой шийдэлд хүрээгүй л юм шиг дуулдаж байна. Эд ингэж заваарсаар байгаад хоёр жилээ барах нь л дээ. Энэ бол монголчуудын хувьд үнэхээр харамсалтай, ахиж олдохгүй цаг хугацааг алдаж байгаа хариуцлагагүй явдал л даа. Одоо 2018 он дөнгөж гараад Чингис бондын 500 сая, дээр нь тавдугаар сард 160 сая, нийтдээ 660 сая ам.долларын өр төлөх ёстой. Мэдээж энэ их мөнгийг буцаагаад бондоор л төлж таарна.
Гэтэл тухайн улсын Засгийн газар, эрх баригчдынх нь тогтвортой байдлаас шалтгаалан бондын хүүний хэлбэлзэл янз бүр болоод явчихдаг. Засгийн газар нь удахгүй солигдох гэж байна гэж үзээд бондын хүү өсчихвөл гаднаас бонд аваад ямар ч ашиггүй, харин ч бүр хохиролтой гарна. Тийм учраас МАХН-ын хувьд Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллаасай гэж хүсэж байгаа. Гэхдээ нөхцөл байдал бидний хүслээс муугаар даваад явчихлаа л даа.
Байдал нэгэнт иймдээ тулчихсан болохоор шинэ Засгийн газраа аль болох хурдан эмхлэн зохион байгуулаасай л гэж хүсэж байна. Саяхныг хүртэл Засгийн газрыг огцруулах тухай бичигт гарын үсгээ зурахгүй байсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж бүлгийнхээ хурал дээр заналтайгаар зурснаас үзэхэд эрх баригчид Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахаар эргэлт буцалтгүй шийдсэн нь харагдаж байна л даа.
-Өөрөө яг дэргэдээс нь харж байхад Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн жил гаруйн хугацаанд юу бүтээв, ер нь аль хэр далайцтай ажилласан бол?
-2015 онд шиг санаж байна. Үндсэн хуулийн Цэц дээр С.Баярцогтод хариуцлага тооцох асуудлаас болж маргаан гараад Засгийн газрын сайдад хариуцлага тооцох эрх нь УИХ-д байхгүй болчихсон юм. Тийм учраас өнөөдөр энэ Засгийн газар бүхлээрээ унах уу, яах вэ гэдэгтээ тулчхаад байна л даа.
Уг нь бол Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж. Мөнхбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хууль зүйн сайд С.Бямбацогт гээд ажлаа хийж чадахгүй байгаа, хууль зөрчсөн сайд нарт бушуухан шиг хариуцлага тооцож солимоор байгаа юм. Нутаг нуга, танил тал ар өврийн хаалгаараа хамгаалуулаад ингээд яваад байвал хямрал улам даамжраад, ард иргэдийн зүгээс ирэх бухимдал, эсэргүүцэл улам л нэмэгдэхээс өөр гялайж гялтайх юм юу ч байхгүй.
-Та дээр нэр цохсон сайдуудыг яг ямар алдаа дутагдал гаргасан гэж дүгнэж байгаа вэ?
-За надад байтугай ард түмэнд ч илэрхий алдаа дутагдал гаргаад л яваад байна шүү дээ. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж гээд нөхөр байна. Монголын төр энэ хүнд ямар ч их өртэй юм бэ дээ. Эсвэл УИХ-ын гишүүн болгодог, үгүй бол сайд болгодог. Нөгөөх нь тэгээд УИХ-ын гишүүн, сайд болчхоод ажлаа ч олигтой хийсэн юмгүй, өвчтэй зовлонтой гээд алга болчихно.
Барилгын сайд байсан, одоо уул уурхайн сайд нэртэй л яваад байна. Одоо болоо юм бишүү. Өөрөө тамхи үйлдвэрлэж монголчуудыг хангалттай хордуулсан бизнестэй хүн. Тэрийгээ хийгээд яв л даа. Монголын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд дан уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Уул уурхайн салбарт төрийн маш чухал бодлого явж байх учиртай.
Ялангуяа миний хувьд Эрдэнэт гээд Монголыг 40 жил тэжээж байгаа хотын иргэд, уурхайчдын итгэлийг өвөртлөн сонгогдсон гишүүний хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлыг байнга харж, үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой хүн. Тийм ч учраас Ц.Дашдорж сайдыг ажлаа хийж чадахгүй байна, зайгаа тавьж өгөх цаг аль эрт болсон гэж л дүгнэж байгаа.
Дараа нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат гэж хүн байна. Сонгуулийн үеэр түүний өчнөөн үнэтэй цагны талаарх шуугиан дэгдэж л байсан. Хэдхэн жилийн өмнө л яруу найргийн “Болор цом” наадамд түрүүлж байсан нэг яруу найрагч төрд шургаж орж ирээд яасан ч амархан айхавтар баяждаг юм. Тэр айхавтар үнэтэй цагных нь талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга асан З.Энхболд анх дэлгэж тавьсан ч дарга сайд болоод л таг дарчихсан. Ж.Мөнхбатыг “Төрөөс төрсөн тэрбумтан” гэж байгаа нь үнэн шүү дээ.
Түүнээс гадна энэ Засгийн газрын сайд нар өөрсдийн мэдлийн компаниудад 700 гаруй тэрбум төгрөгийн тендер авч өгсөн нь илэрч баахан дуулиан болсны эцэст царцаачихаад байгаа. Ийм байж болохгүй шүү дээ. Энэ бол албан тушаал, эрх мэдлээрээ дулдуйдан төрийн мөнгийг хувьдаа завших гэсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шунахай нөхөд Засгийн газрын гишүүн байж яагаад ч зохилдохгүй л дээ. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ. Яагаад ийм хараа хяналтгүй, дэндүү шударга бус тогтолцоо Монголын улс төрд амь бөхтэй оршсоор байна вэ. Энэ бүхний ард өнгөрсөн 20 гаруй жилд хулгайч нарын арыг найдвартай даадаг улс төр, олигархын хэдэн том бүлэглэл байсан, одоо улам хүчирхэгжиж байна гэж би хараад байгаа юм.
-Түрүүн та Ц.Нямдорж гэж нэг дуугараад өөр зүйл яриад явчихсан. Юу хэлэх гэж байсан юм?
-Аа тэр үү. Саяхан би Ц.Нямдорж гуайтай тааралдаж хамт хооллосон юм. Тэгсэн Ц.Нямдорж гуай “Баасанхүү чи ер нь их онцгүй залуу байна шүү. Ахыгаа янз бүрээр л балбаад байх юм. Чи Сүхбаатарыг хар, Тэмүүжинг бод. Чи энэ чигээрээ ахыгаа балбаад байвал Монголын улс төрд удахгүй дээ” гэж надад хэлж байгаа юм. Тэгэхээр нь “Би үнэнийг л хэлсэн. Таны энэ чинь сүрдүүлэг үү, аль эсвэл тулган шаардлага юм уу. Аль нь ч байсан би айхгүй.
Тэгээд ч надад Монголын улс төрөөс явлаа гэхэд хуулийн салбарт ажлаа хийгээд амьдралаа аваад явчих мэдлэг, туршлага хангалттай бий” гэдгээ л хэлсэн. Миний хувьд хоёр шалтгаанаар Ц.Нямдоржийг Монголын улс төрөөс эгнэгт, бушуухан яваасай, зайлаасай гэж хүсдэг. Нэгдүгээрт Монголын хуулийн салбараар ёстой нэг тоглох шиг болсон хамгийн том нүгэлтэй. Ашигт малтмалын тухай хуулийг орондоо зассан дуулианаараа Үндсэн хуулийн Цэцээр орж УИХ-ын даргаас огцорч байсан хүн шүү дээ.
Түүний Монголын хууль зүйн салбарт хийсэн гай балаг ирээдүйд ч ихээхэн балаг тарих болчхоод байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Та нар бод доо. Хууль сахиулахын их сургуулийг ямар холион бантан болгоод хаячхав. Ирээдүйд хуулийн нэрээр халхавчилсан жинхэнэ мафи төрөн гарах, хуульч нэрээр халхавчлагдсан жинхэнэ хуйвалдааны төв нь Хууль сахиулахын их сургууль болох үүдийг нээж өгсөн хүн нь чухамдаа Ц.Нямдорж шүү.
Хилийн цэрэг, цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг нэг дор бөөгнөрүүлчихээр нэг төгсөлт, нэг он жавууд нэг нэгнээ өмгөөлөх, хамгаалах хамтраад хуулийн нэрээр хэнийг ч хэлмэгдүүлэх, өөрсдөө ямар ч гэмт хэргээ нуун далдлах гэм зэмгүй мултрах бүх боломж нөхцөлийг нээж өгсөн. Ийм хуулийн нэрээр халхавчлагдсан, гэмт хэргийн сүлжээ үүсэх нөхцөлийг нэг дор бөөгнөрүүлсэн тохиолдол дэлхий дээр өөр хаана ч байдаггүй. Энэ том мафийн сүлжээг өнөөдөр хэний хамаатан удирдаж байна. Тэрний хамаатангийн хамаатан өнөөдөр хаана сууж байна.
Өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар иргэд жагсаж байна. Гэтэл түүнийг буруутгаж байгаа 60 тэрбумын асуудал чинь нэг л өдөр үүсэж бий болчхоогүй юм шүү дээ. Тийм бохир мөнгөний файлыг хамгийн сайн мэддэг, тиймэрхүү мөнгөтэй хамгийн их орооцолдож явсан хүний нэг нь чухамдаа Ц.Нямдорж өөрөө шүү. Хэрвээ хууль зүйн сайд хүчтэй, сэтгэлтэй байсан бол өнөөдрийнх шиг ийм заваан жонхуурсан зүйл хэзээ ч болохгүй байсан.
Хоёрдугаарт сүүлийн 27 жил Монголын улс төртэй салшгүй зууралдаж, ёстой л амьд архив болсны хувьд энэ хүн маш олон ноцтой, “Но”-той үйл явдлын жинхэнэ гэрч мөн. Гэтэл ихэнхэд нь өөрөө rap бие хутгалдаж оролцчихсон болохоор ард түмнээс маш их зүйл нууж хав дарж байгаа Ийм хоёр гол нүглийнхээ төлөө энэ хүн Монголын улс төрөөс аль болох хурдан явах ёстой. Хууль зүйн сайд байхдаа хоригдлуудаар байшингаа бариулж байгаад нэг хоригдлын аминд хүрч, хүүхдээрээ Эрдэнэтэд шахаа хийлгэж хуулийг дээд зэргээр завхруулж байсан хүн л дээ. Ц.Нямдорж бол ерөөсөө яг үнэн юм шиг яриад худлаа бүхнийг хийдэг хүн.
-Үнэн яриад худлаа бүхнийг хийдэг хүн гэж өөрт нь хэлж үзсэн үү?
-Би хүнийг ар нуруунаас нь далдуур муу хэлж хов жив хутгадаггүй. Тийм занг үзэж чаддаггүй. Би дандаа л хэлдэг Уг нь бид хоёр тийм ч муу харьцаатай биш л дээ. Би Ц.Нямдорж гуайг “Ахаа” л гэдэг. Тухайн үед хоолон дээр ч “Ахаа та үнэн юм яриад худлааг хийдэг шүү” гэж шууд л хэлсэн. Өнөөдөр МАН-д үүсээд байгаа дуулиан шуугиан, У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэЭд Ерөнхий сайд тэр хоёрын дунд үүсэж Засгийн газраа огцруулах хэмжээнд хүртэл хурцдаад байгаа бүх асуудлын ард яг үнэндээ нөгөө л Ц.Нямдоржийн урт гар хамгийн нөлөөтэй зааж чиглүүлээд явж байгаа.
Яагаад гэвэл МАН-ын Хуулийн зөвлөх Д.Сандаг-Очир гээд генерал сууж байгаа. Тэр генералыг Ц.Нямдоржийн төрсөн дүү ч гэж хэлж болохоор болчихсон нөхөр шүү дээ. Д.Сандаг-Очир генерал бол Ц.Нямдоржийн жинхэнэ гарын дохиогоор хөдөлдөг хүн л дээ. Н.Энхбаяр даргыг чухамдаа Ц.Нямдоржийн тушаалаар Д.Сандаг-Очир 300 гаруй цагдаа явуулж баривчлуулж байсныг монголчууд мартаагүй байгаа. Ц.Нямдорж бол ер нь л орондоо хууль засдаг, орноосоо тушаал өгдөг хүн. Н.Энхбаяр даргыг оймстой хөлийг нь гозолзуулаад баривчилж байхад мань эр юу ч мэдээгүй унтаж байсан гэдэг биз дээ.
Ц.Нямдорж бол булхай луйвраа ингэж л хийдэг хүн. Сая л гэхэд Ц.Хүрэлсүх Ж.Эрдэнэбат хоёрын тагнасан, чагнасан гэх асуудлыг дэвэргэж бүр төрийн асуудал болгоод хаячхаж байгаа юм. Эцэст нь юу болов. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар унах нь тодорхой болоод дуусаж байна.
Учир нь УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн байна лээ. Ингээд дахиад МАНАН татаж Ж.Эрдэнэбатын засаг унах нь тодорхой болчихлоо. Эндээс хэн хожих вэ. Мэдээж Ц.Нямдорж нар л хожно. Миний хувьд Ж.Эрдэнэбатыг хамгаалаад байгаа юм алга. Яах аргагүй хуулийн өөр гарц байхгүй болохоор энэ засаг унах нь тодорхой.
-Засгийн газрыг огцруулахаар Т.Аюурсайхан нарын МАН-ын гишүүдийн гарын үсэгтэй өргөх бичгийн гуравдугаар “Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын нэг жилийн үйл ажиллагаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн үнэлэлт дүгнэлт өглөө” гэж байгаа. Гэтэл ийм заалттай албан бичгийг хүлээн зөвшөөрч Засгийн газрыг огцруулахаар санал нэгдэж байгаа УИХ дахь АН-ын бүлэг, мөн та нийлээд цаад утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг хүлээн зөвшөөрөхгүй ч байгаа юм шиг утгатай болоод ирчхэж байгаа юм. Энэ талаар юу хэлэх вэ?
-МАН-ын хуулийн эцэг гэгддэг Ц.Нямдорж гуайгаас энэ талаар асуусан л даа. “Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Тэр мөрийн хөтөлбөрт нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой биз дээ” гэж. Миний хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө тун хангалтгүй хэрэгжүүлсэн гэж бодож байгаа. Тухайлбал Хүүхдийн мөнгө, долоон төрлийн татвар нэмсэн гээд байгаа.
Эдгээрийг яагаад Засгийн газрыг огцруулах үндэслэлдээ оруулсангүй вэ, та яагаад дүү нартаа энэ талаар хэлж сургасангүй вэ гэж түүнээс асуусан. Тэгсэн чинь мань эр “Эцсийн эцэст сонгуулиар дүн тавьчихсан шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүн тавьдаг болохоос биш Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн үр дүнг тооцож хариуцлага ярьж байгаа нь буруу шүү дээ” гэж л хэлсэн. Хуулиараа зөвхөн улстөрийн албан тушаалтан сонгуульд оролцоно, төрийн жинхэнэ албан хаагчид ямар ч сонгуулийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй ээ л гэж байгаа.
Гэтэл эд өнөөдөр “Засгийн газар сонгуульд муу оролцсон, хариуцлага тооцох ёстой” гэж зүтгээд байгаа. Эцсийн эцэст бид чинь МАН-ын Засгийн газартай, төрийн албан хаагч нартай сонгуульд өрсөлдсөн болж таараад байгаа биз. Товчхондоо ард иргэд МАН-ын сүлжээтэй өрсөлдчихсөн юм шиг байгаа юм. Саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Тиймээ тийм бид мөнгө авсан” гэсэн шиг л мэдэгдэл хийсэн байсан.
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд өнөөдрийн МАН бол 90 жил засагласан хуучин МАН биш цоо шинэ нам юм байна гэж л хараад байгаа. 1990 он хүртэл Монголыг удирдаж, эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн хуучин тулхтай намаас өнөөдрийн МАН-д юу ч үлдээгүй, эрх ашиг албан тушаалын барьцаа наймаалцал дээр оршин тогтнож байгаа цоо шинэ олигарх хөрөнгөтнүүдийн нам гарч ирсэн нь эдний үг, үйлдэл бүрээс тодорхой харагдаж байгаа юм.
-Тэгэхээр таны зүгээс МАН нэртэй олигархуудын цоо шинэ нам үүссэнийг олон нийтэд зарлаж, тэдэнтэй хариуцлага ярих ёстой гэж үзэж байгаа юмаа даа?
-Тэгж ойлгож болно. Төрийн бүх албан тушаалыг үнэлгээтэй болгож. Өмнөговь аймгийн Манлай суман дахь Хармагтай гээд “Хоёр дахь Оюутолгой”-н ордыг австраличуудтай хувааж залгихаар хөшигний ард хөдлөөд эхэлчихсэн өнөөдрийн МАН буюу шинэ олигархуудын намыг олон нийт анзаарч тэдний үйлдэл бүрийг сонор сэрэмжтэй харж дүгнэлт өгөх цаг болсон.
Манай хуучин туршлагатай гишүүд ч МАХН-даа эргэн ирж хүчтэй сөрөг хүчний дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон. Бидний хувьд МАХН-ыг дорвитой шинэчилж, улстөрийн цэвэр хүчтэй хүчин болох шинэчлэлийн ажлаа эхлүүлчхээд байгаа. МАХН-ын Бага чуулганы олонх гишүүн уулзаж намынхаа шинэчлэлийг ярилцаж хийх ажлаа төлөвлөж эхлээд байна. Удахгүй МАХН дээр нэгдэл нягтрал хүчтэй явагдана. Бид Монголын улс төрд шинэ соёл, шинэ дэг журам тогтоохын төлөө эрч хүчтэй ажиллах болно.
-Авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, офшорчидтой өдөр шөнөгүй тэмцэх учиртай АТГ сүүлийн үед хаа хамаагүй тагнасан чагнасан гэх хэргийг шүүрч авч, нэг ёсондоо өөрт нь огт хамаагүй ажилд хошуу дүрж өөрийнхөө үндсэн ажлаас хойш суугаад байх шиг санагдах юм?
-Яг үнэн шүү дээ. Ж.Эрдэнэбат нь У.Хүрэлсүхийгээ тагнуулж чагнуулсан юм уу, У.Хурэлсүх нь өөрийгөө тагнуулж чагнуулсан болж жүжиглэсэн юм уу АТГ-т огт падлийгүй хэрэг шүү дээ. Өнөөдөр АТГ-ыг удирдаж байгаа Х.Энхжаргал чинь сайнаар яривал Ц.Нямдоржийн хамаатан шахуу хүн. Монголчууд хэзээнээсээ “Сайнаар яривал садан төрөл” гэж ярьдаг биз дээ. АТГ-ыг бужигнуулаад байгаа Х.Энхжаргал чинь Ц.Нямдоржийн гарын дохио, нүдний харцаар хөдөлдөг хүн гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй.
Өнөөдөр Х.Баттулгын уриалсан офшорчдын далай давуулан нуусан тэр их мөнгөний араас өдөр шөнөгүй хөөцөлдөж эхнээс нь Монголдоо оруулж ирсэн байхын оронд нэг намын доторх тогоо шанаганы хэрүүлийг дэвэргэж, Монгол даяар шуугиулаад байх нь үнэхээр шал тэнэг утгагүй хэрэг шүү дээ. АТГ жинхэнэ өөрт хамаатай, өөрийнхөө ажлыг хий л дээ. Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүд томилогдож, даргаар нь хуульч, өмгөөлөгч Г.Баасан томилогдсон нь тэр газарт олон нийтийн хараа хяналт арай илүү хүрэх бололцоо олгох байх гэж найдаж байна.
-Ард иргэдийн зүгээс Монголын улс төр дахиад л гацаанд орж таг зогсчихлоо гэж дүгнэж байна. Та үүнийг аль талаас нь харж байна?
-Монголын улс төр гацаанд ороод таг зогсчихсон юм байхгүй. Зүгээр “Нүүрсний хэрүүл” л хүчээ авч байна. Яагаад Н.Номтойбаяр сайд, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хоёрын хэрүүл даамжирсаар засгаа унагах хэмжээнд хүрчхэв. Хоёулаа л цементийн үйлдвэртэй, хоёулаа л бондын мөнгөнөөс хангалттай халаасалж, өр ширээ Монголбанкаар төлүүлээд явж байгаа биз дээ. Өнөөдөр Ц.Гарамжав яагаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж өөрөө сайд болохоор үхэн хатан гүйгээд явна. Ерөөсөө л төрд гарч өр ширээ барагдуулах, том орд газруудыг хувааж залгих гэсэн дуусаж дундаршгүй их шунал хүсэл нь л тэднийг тайван ч унтуулахгүй байна шүү дээ.
Өнөөдөр Монголын улс төр гацчихаад байгаа юм алга. Харин улс төрөөр дөрөөлөн Монголын баялагт эзэн сууцгаах гэсэн бизнесийн бүлэглэлүүдийн тэмцэл туйлдаа хүрч, юу ч хийхээс буцахгүй болцгоочхоод байгаад л гол эмгэнэл нь оршиж байна. Яагаад гэвэл УИХ дахь МАН-ын 65 хүн сонгогдохдоо 65 хувь хүн биш зургаа долоон бүлэглэлүүдийн төлөөлөл л орж ирсэн байхгүй юу.
Ард түмэн тэднийг МАН гэж андуураад сонгочихсон болохоос биш үнэн хэрэгтээ өнөөдөр УИХ-д МАН-ын 65 гишүүн биш олигархжсан бизнесийн 6-7 бүлэглэлийн төлөөлөл л өөд өөдөөсөө харж худлаа инээгээд цаагуураа эд баялгийн дахин хуваарилалтын төлөө цусгүй дайн явж байгаа. Одоо удахгүй Өмнөговийн Хармагтайн орд газрыг хувааж залгихаар дайтаад эхэлчихсэн. Ард түмэн 27 жил хулхидууллаа. Одоо уг нь хашрах, хатуу дүгнэлт хийх цаг болсон баймаар.
-Та сая намаа шинэчилж Н.Энхбаяраас намаа авна гэж дуугарлаа. Айхгүй байна уу?
-Би Н.Энхбаяр даргад одоо ямар ч өргүй. Би эцсээ хүртэл энэ хүнийг хамгаалсан, тэмцсэн. Бүх боломжийг нь олгож өгсөн. Одоо хангалттай. Би өөрийнхөө ирээдүй, 2020 оны төлөө огтхон ч айхгүй байна. Одоо МАХН Н.Энхбаяр даргагүйгээр урагшаа харж, урагшаа зоригтой хөдлөх цаг болсон. Би энэ намыг зусар бялдуучид, албан тушаалын хэнээтнүүдээс цэвэрлэж жинхэнэ эздэд нь ойртуулна. Зоригтой шинэчлэл хийнэ. Бага чуулганы гишүүдийн дийлэнх нь намайг дэмжиж байгаа.
-Та МАХН-ын даргад өрсөлдөнө гэсэн үг үү?
-Журмын нөхөд, энэ намын төлөө чин үнэнээр санаа нь зовж байгаа. Бага чуулганы гишүүдийн дийлэнх нь намайг намын дарга бол гэж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуульд чин үнэнчээр өрсөлдөж УИХ-д ганцаараа МАХН-ыг төлөөлж байгаагийн хувьд надад энэ намыг удирдах, хойшдын шинэчлэлийг нь түүчээлэх бүрэн эрх, туршлага мэдлэг ч хангалттай бий гэж бодож байна.
Эх сурвалж:
12 comments
enhbayr bhgvi bol tanai nam yuch bish shvv dee
Энхбаярын нэрээр мандаж гарч ирчээд Энхбаяр луугаа дайрдаг үнэн өөдгүй бацаан даа чи ккк
Хүнд бас хүн чанар гэж байх хэрэгтэй шүү
Цаашдаа хүн шиг байя гэвэл хэн байсанаа л хэзээ ч битгий март даа дүү минь
ene Nymdorjiin talaar vneheer vnnigg heljee MAN d odoo ene Nymka shig hereggvi hvn olon bii dee
За да Энхбаяр нь Баасанхүүд байраа тавьж өгчихөөд өөрөө намынхаа жирийн гишүүн болчихвол илүү сонирхолтой байх аа даа. Ядаж хор найруулж байгаа гэж хардагдах юм гарахгүй. Энхбаяр төрд гарлаа гэхэд нэмж идэхээ л бодно шүү дээ. Баасанхүү бол залуу хүн бас юмыг яаж мэдэхэв, эрүүл зөв улс төр хийхийг хэн байг гэхэв.
Ми овогтын баасан нүүртэи т1 бацаан юу мэддэг гэж хуцаад байгаан болоо
Энэ бас эрлийз гөлөг байсан байхнээ Энкболдын хамаатан байжээ шээс чинь
энхбаяр босоо ганбаа байхгүй бол танай нам юуч биш шүү
Үнэн үнэн
Ганбаатараа дэмжихгүй тэнэгтсэнийг нь бодохоор энэ өөрөө худлаа гар
Амиа бодсон арчаагүй эр
Nyamka min dee itgej yavsin daanch yaavdaa
Баасанхүү та өөрөө л улс төрөөс хол бай. Ямарч мэдрэмжгүй байна даа.
Demjih neg ni baigaa l baih, diilenh ni gej bitgii anduur, Baasanhuu mini. Chi MAXN-iig taraana uu gehees avch yavah chadvar baihgui ee.
Угаадсанд нь цадаж гөлөг чинь