[starbox]
-Сөүлийн шүүхээс “Samsung Group”-ийн дэд ерөнхийлөгч Ли Чэ Ёнд таван жилийн хорих ял оноолоо. Солонгосын хамгийн томд тооцогддог корпорацийн тэргүүн түүнийг хээл хахууль, хөрөнгө шамшигдуулсан, хөрөнгөө нуун дарагдуулсан хэрэгт буруутгасан юм-
Өдгөө 49 настай Ли Чэ Ён нь Өмнөд Солонгостоо хамгийн баян хүмүүсийн жагсаалтад №3, “Forbes”сэтгүүлээс явуулдаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 239 дугаарт бичигддэг, 6.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн. Тэрбээр өөрийг нь буруутгаж буй бүхнийг үгүйсгэжээ. Ингээд энэ сарын 28-нд шүүхийн шийдвэрээр давж заалдах өргөдлөө өгсөн байна. Тэгвэл түүнтэй холбоотой авлигын дуулиан хэрхэн өрнөсөн, өдгөө Samsung корпорацид юу тохиолдоод буй, шүүхийн шийдвэр Солонгосын бизнес, улс төрд хэрхэн нөлөөлөх талаар РИА Новости ийнхүү бичжээ.
Хэрэг явдал юунаас эхтэй вэ?
Samsung-ийн топ менежерийг ийнхүү буруутгаж, ял оноосон нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн эргэн тойрон дахь авлигын дуулиантай яах аргагүй холбоотой. Өмнөд Солонгосын улс төртэй холбоотой энэ асуудал өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн билээ. Тухайн үед сайд нарын танхимын гишүүд томоохон корпорациудыг дэмжсэний хариуд хээл хахууль авсан нь тогтоогдсон юм. Уг мөнгийг Ерөнхийлөгчийн дотны найз Чхве Сун Силь хэмээх төрийн ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй эмэгтэйн толгойлж байсан ашгийн төлөө бус янз бүрийн сангууд руу шилжүүлж байлаа.
Энэ хэргээр нийтдээ 30 хүнийг буруутгасан юм. Тэдний тоонд Samsung-ийн бараг тэргүүн нь гэгддэг Ли Чэ Ён болон тус корпорацийн дөрвөн топ менежер багтжээ. Ингээд өнгөрсөн гуравдугаар сард Үндсэн хуулийн шүүхээс Пак Кын Хэг төрийн тэргүүний үүргээс нь огцруулж, түүнд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, 50 мянган ам.доллараас дээш хээл хахууль авсан зэрэг олон зүйл заалтаар буруутгажээ.
Пак Гын Хэ болон түүний найз бүсгүйтэй хамт тус улсдаа хоёр дахь том корпорци гэгдэх “Lotte”-гийн еөрнхийлөгч Син Дон Би хэрэгтний сандал дээр суусан. Түүнийг авлига өгсөн хэрэгт буруутгасан юм. Харин одоо төрийн тэргүүн асныг юу хүлээж байгаа нь тодорхойгүй байна. Түүний хувьд хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа Өмнөд Солонгосын гурав дахь Ерөнхийлөгч аж. Хэрэгт орж байсан гурван төрийн тэргүүний нэг нь цаазын ял авч, нэг нь бүх насааараа хорих ял сонссон ч хоёулаа өршөөлөөр суллагдаж байсан аж.
“Samsung” юунд мөнгө төлсөн бэ?
Ли Чэ Ёныг өнгөрсөн хоёрдугаар сард төрийн тэргүүний найз бүсгүйд 38 сая ам.долларын хахуулийн мөнгө шилжүүлсэн хэрэгт сэжиглэн саатуулсан юм. Шалгалтын явцад Samsung-ийн тэргүүн Samsung Group-ийг барилгын нэгэн компанитай нэгтгэхэд төрөөс саад хийлгэхгүйн тулд мөнгө өгсөн нь тогтоогджээ. Нэг эх сурвалжаас авч үзэхэд энэхүү мөнгөний зарим хэсэг нь буюу 6.4 сая ам.доллар нь Чхве Сун Силийн морин спортоор хичээллэдэг охины карьерыг санхүүжүүлэхэд зарцуулагдсан аж.
Бизнесмэнийг зөвхөн хахууль өгсөн хэргээр бус мөнгө шамшигдуулсан, орлогоо нуун дарагдуулсан, хөрөнгөө гадагш гаргаж, худал тайлан гаргасан зэргээр буруутгажээ. Хоёрдугаар сарын дундаас тэрбумтныг саатуулж, прокурорын газраас 12 жилийн хорих ял төлөвлөөд байсан ч 2.5 дахин бага хугацаатай ял сонссон юм. Энэ хэрэгт мөн компанийн дөрвөн топ менежер холбогдсоноос хоёр нь тус бүр дөрвөн жилийн ял авчээ.
Захирлууд хоригдол болсон явдал эдийн засагт нөлөөлөх үү?
Ажиглагчдын үзэж буйгаар Ли Чэ Ёнд ял оноосон нь чэболь буюу томоохон гэр бүлийнхний ноёрхдог эдийн засгийн олон жилийн байдал үндсээрээ өөрчлөгдөж болзошгүй гэнэ. Анхандаа энэ бүхэн нь Өмнөд Солонгосын эдийн засгийн хүчирхэг гүрэн болгоход тус болж байсан юм. Жишээлбэл, Samsung л гэхэд 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш улс орон сэргэн мандсаны бэлгэдлийн нэг болж байлаа.
Харин сүүлийн жилүүдэд чэболийг бага бизнес, стартапын хөгжилд саад хийх замаар эдийн засгийн өсөлтийг зогсоож байна хэмээн шүүмжлэх нь нэмэгдсэн юм. Эдгээр чэболийн тоонд Samsung-аас гадна Lotte, Hyundai, LG зэрэг ордог юм. Samsung-ийн өв залгамжлагч, тэргүүний орлогч Ли Чэ Ёны хувьд 2014 онд эцэг Ли Гон Хигээ зүрхний шигдээс туссаны дараа корпорацийг тэргүүлж эхэлсэн. Түүний эцэг болон олон магнатууд өмнө нь авлига, мөнгө шамшигдуулсан, татвараа төлөөгүй зэргээр буруутгагдаж байсан боловч шийтгэлээс яаж ийгээд мултарчихдаг байлаа. Учир нь тус улсын төр засгаас бизнес рүүгээ дайралт хийвэл эдийн засагт хор хохиролтой гэж болгоомжилдог байжээ.
Cолонгосын судалгааны компани болох “Chaebul.com”-ын тэргүүний үзсэнээр энэхүү болгоомжлолоос болоод л Samsung-ийн удирдлагын ялыг нэлээд зөөллөсөн байж болзошгүй гэнэ.Хэдийгээр түүнийг олон зүйл заалтаар буруутгасан хэдий ч Өмнөд Солонгосын эдийн засагт Samsung ямар чухал вэ гэдгийг илүүтэй анхаарчээ. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сарын сонгуульд ялалт байгуулсан тус улсын шинэ төрийн тэргүүн Мүн Чэ Ин чэболийг номхотгож, цагаан захтны гэмт хэрэг үйлдсэн магнатуудыг өршөөдөг практикийг халахаа амлаж гарч ирсэн билээ.