Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх VII ээлжийн мотобуудлагын батальон, Судан Улсын “Дарфур” мужид явагдаж буй “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны 14.00 цагт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдав.
Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ-ын удирдлага болон албаны хүмүүс, хүндэт зочид, үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. Дэлхийн хамтын нийгэмлэгээс улс орнууд, бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой байдлыг бий болгох зорилгоор НҮБ-ын байнгын цэргийн хүчнийг цэрэг хандивлагч орнуудын дэмжлэгтэйгээр бүрдүүлж, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн зөвлөмж, шийдвэрийг үндэслэн энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулах шаардлагатай улс орон, бүс нутагт цэргийн хүчнийг байршуулан энхийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 2005 онд НҮБ-д албан ёсоор цэрэг хандивлан Африкийн Сьерра-Леон улсад цэргийн баг илгээн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн бөгөөд анх үүрэг гүйцэтгэж эхэлсэн цагаасаа л манай цэргийн алба хаагчид дэлхийн олон орны зорилго нэгт дайчидтай мөр зэрэгцэн алба хааж, үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд Монгол цэргийг дахин таниулж өдгөө НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхиараа хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн.
Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралтгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай Зэвсэгт хүчний нэр хүнд дээшилж, манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдал баттай хангагдах нөхцлийг бүрдүүлж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо нь 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн ажиглагч 2 офицерыг анх удаа илгээснээс эхэлсэн түүхтэй бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан зэрэг улсуудад болон Судан Улсын Дарфур муж, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан энхийг дэмжих 3 ажиллагаа, нийт 14 ажиллагаанд давхардсан тоогоор нийт 15000 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгээд байна.
Одоогийн байдлаар БНАКУ, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан Улсад явагдаж буй энхийг дэмжих 6 ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагчид, цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч, штабын офицерууд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа юм. БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2011 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэнээс хойш 6 ээлж, давхардсан тоогоор нийт 5000 гаруй цэргийн алба хаагч, 2011 оноос БНСУ-ын Дарфур мужид цэргийн хээрийн II шатны эмнэлгийн 8 ээлжийн цэргийн баг давхардсан тоогоор 540 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгээд байна.
Өнөөдөр ажиллагааны өмнөх бэлтгэлээ ханган, дэлхийн халуун цэгүүдийн нэг алс хол Африк тивийг зорих гэж буй цэргийн алба хаагчид ЗХЖШ-ын даргын тушаалаар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн материаллаг баазийг түшиглэн тус төвийн сургагч багш нарын бүрэлдэхүүнтэй хамтран ажиллагааны өмнөх бэлтгэл, сургалтад хамрагдсан юм.
Тус цэргийн багуудын ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийн онцлог нь “Хааны эрэлд-2017” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлтэй уялдуулж БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн VII ээлжийн батальоноос нэг мотобуудлагын рот АНУ-ын нэг салаатай хамтран ротын хээрийн сургуулийг зохион байгуулж, улмаар бие бүрэлдэхүүний бие дааж үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг дээшлүүлсэн сургалт боллоо гэж ЗХЖШ-аас мэдээлэв.