Хойд Солонгос өчигдөр өглөө (2017.08.29) ээлжит пуужингаа хөөргөсөн. Японы хойд хэсэгт орших Хоккайдо арлын дээгүүр нисч тэнгист унасан пуужинг орон нутгийн цагаар өглөө эрт хөөргөжээ. Японы хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар пуужин унахаасаа өмнө гурван хэсэгт салсан аж. Пхеньян өнгөрсөн бямба гаригт зүүн эргээсээ мөн гурван пуужин туршсан.
Японы засаг захиргаанаас даваа гарагт пуужин хөөргөх үеэр сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг иргэддээ анхааруулсан байна. Мөн хойд нутгийн Синкансэн хурдан галт тэрэг, цахилгаан галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. Харин Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосыг дундын тусгалтай “Хвасон-12” баллистик пуужин, эсвэл 3000 км-ийн тусгалтай “Хвасон-10” пуужин туршсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ иргэдээ хамгаалахын тул Засгийн газраас боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэжээ. Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Хойд Солонгосын пуужингийн энэхүү туршилтыг“өмнө нь тохиож байгаагүй ноцтой аюул заналхийлэл” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр Япон улсаа Пхеньяны энэхүү үйлдлийн хариуд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэж мэдэгджээ.
Хойд Солонгосын пуужин хамгийн сүүлд 2009 онд Японы газар нутаг дээгүүр ниссэн юм. Тухайн үед Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг улс баллистик пуужин туршлаа гэж үзэж байсан ч Пхеньянаас сансарт хиймэл дагуул хөөргөх пуужин байсан гэж мэдэгджээ. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнээс энэ удаа Пхеньня ойролцоох Сунан дүүргээс өглөөний 06 цагийн үед пуужин хөөргөсөн, пуужин нийт 2700 км зам туулсан гэжээ.
Ёшихидэ Суга уг пуужинг Хоккайдогийн Эримо хошуунаас 1180 км-т тэнгист унасан гэсэн байна. Энэ үйл явдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр орой яаралтай хуралдаан хийхээр болжээ. Уг хурлыг Япон, АНУ, Өмнөд Солонгосоос санаачилсан байна.
Хойд Солонгос улс ойрын хэд хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа пуужин хөөргөөд байгаа юм. Тус улс энэ сарын 26-ны бямба гарагт Япон тэнгисийн зүг бага тусгалын хэд хэдэн пуужин хөөргөсөн билээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс энэ сарын 5-нд БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тогтоол баталсан байна. Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавих санаачилгыг АНУ-аас гаргасан юм. Вашингтон ийм үйлдэл хийх болсноо Пхеньяныг тив алгасагч баллистик пуужин хөөргөсний хариу арга хэмжээ хэмээн тайлбарласан билээ.
Эх сурвалж: russian.rt.com
Э.ЗАЯА