Мартын-8 үнэхээр олон улсын баяр мөн үү. Эсвэл социализмын үеийн үлдэгдэл үү. Дэлхийн улс орнууд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ. Бас энэ баяр хэрхэн бий болсон бэ.
Эхлээд энэ баяр эмэгтэйчүүдийн өөрсдийнхөө эрхийг хамгаалах өдөр байсан юм. 1908 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Йоркийн Социал-демократ эмэгтэйчүүдийн байгууллагын уриалгаар эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах жагсаал цуглаан хийж байжээ. Энэ өдөр 15 мянга гаруй эмэгтэй ажлын цагийг багасгах, хөдөлмөрийн хөлсийг эрчүүдтэй адил байлгахыг шаардаж жагссан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийн төлөө үгээ хэлж байжээ.
1909 онд АНУ-ын Социалист намаас хоёрдугаар сарын сүүлчийн ням гаригийг эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлаж, 1913 он хүртэл тэмдэглэсэн байна. 1910 онд АНУ-ын эмэгтэй төлөөлөгчид Данийн нийслэл Копенгагенд болсон Олон улсын социалист эмэгтэйчүүдийн хоёрдугаар бага хуралд оролцож, Клара Цеткин хэмээх коммунист бүсгүйтэй уулзжээ.
Наймдугаар сарын 27-нд болсон уг арга хэмжээний үеэр Клара Цеткин олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гээчийг батлахыг уриалсан байна. Ийм өдөртэй болсноор эмэгтэйчүүд жагсаал, цуглаан хийж, олон нийтийг өөрсдийн асуудалд анхаарахыг уриалах боломжтой болно гэж тэрбээр үзжээ.
Ингээд 1911 оны гуравдугаар сарын 19-нд Германы Социал-демократ намын Төв хорооны гишүүн Елена Гринбергийн санаачлагаар Герман, Австри, Дани, Швейцарьт Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг анх тэмдэглэв. Харин дараа онд нь тавдугаар сарын 12-нд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.
1913 оны гуравдугаар сарын 2-нд Франц, Орос улс, гуравдугаар сарын 9-нд Австри, Чех, Унгар, Швейцарь, Голланд улс, гуравдугаар сарын 12-нд Герман улсад тус тус эмэгтэйчүүд жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Ийнхүү 1914 оны гуравдугаар сарын 8-нд Австри, Дани, Герман, Голланд, Орос, Швейцарь гэсэн зургаан улс анх удаа нэгэн зэрэг энэ өдрийг тэмдэглэжээ.
Герман: Өмнө нь энэ баярыг тус улсын зөвхөн тал хэсэг нь буюу Ардчилсан Бүгд найрамдах Герман Улс л тэмдэглэдэг байсан. Холбооны Бүгд найрамдах Герман улс нь энэ өдрийн талаар мэддэггүй байжээ. Харин хоёр Герман нэгдсэний дараа Мартын-8 бүх нийтийн баяр болсон. Гэхдээ тус улсад энэ баярыг Ээжийн өдөр болгон тэмдэглэдэг байна.
Итали: Тус улс гуравдугаар сарын 8-ныг албан ёсоор тэмдэглэдэггүй. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд энэ өдөр зөвхөн бүсгүйчүүдтэйгээ үдэшлэг хийж өнгөрөөдөг байна. Стриптиз клубууд нь ч бүсгүйчүүдэд зориулан үнэгүй шоу хөтөлбөр зохион байгуулдаг.
Латви: Эндхийн эмэгтэйчүүд энэ өдрийг тун идэвхгүй байдлаар өнгөрөөдөг.
Болгар: Энэ баяр тус улсад албан ёсны амралтын өдөр биш учраас бүсгүйчүүдэд гэрт нь болон ажил дээр нь баяр хүргэдэг. Гэхдээ Болгарт эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ л илүү чин сэтгэлээсээ баяр хүргэдэг нь анзаарагджээ. Харин эрчүүд энэ өдрийг социализмын үлдэгдэл гээд тоохгүй байх нь элбэг.
Франц: Энэ улсад эрчүүд бүсгүйчүүддээ баяр хүргэж, бэлэг сэлт бэлтгэх гэж зовох ч шаардлагагүй. Гуравдугаар сарын 8-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэсэн нэрийн дор л чимээгүй өнгөрөөдөг.
Япон: Япончуудын хувьд гуравдугаар сарын 8 жирийн нэг өдөр. Гэхдээ тус улсад гуравдугаар сарын эхээр Охидын өдөр тэмдэглэж, эмэгтэйчүүддээ баяр хүргэдэг. Харин сарын дундуур бүсгүйчүүдэд бэлэг өгөх Цагаан өдөр тохиодог.
Вьетнам: Вьетнам гэр бүлүүдийн хувьд энэ өдөр тун онцгой өнгөрдөг. Учир нь энэ өдөр эх орноо эрэлхгээр хамгаалсан эгч дүү Чингийн дурсгалыг 2000 гаруй жилийн турш хүндэтгэн тэмдэглэж байна. Мөн энэ өдрөөр хавар ирснийг илтгэдэг аж.
Польш: Энэ баярыг амралтын өдөр болгон тэмдэглэдэггүй. Гэхдээ польшууд эмэгтэйчүүддээ энэ өдөр мэндчилгээ дэвшүүлдэг байна.
Хятад: Социализм цэцэглэсэн энэ улсад гуравдугаар сарын 8-ныг тэмдэглэдэг. Гэхдээ баярын хурал, улстөрийн цуглаангүйгээр өнгөрөөнө. Энд бүсгүйчүүддээ цэцэг бэлэглэнэ гэж хүлээгээд ч нэмэргүй. Яагаад гэвэл тасдсан зүйлийг бэлэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй байна.
Харин ОХУ, Монголд энэ өдрийг хуанли дээр улаанаар тэмдэглэж, ээж, эгч, дүү, эмээ, эхнэр, охиндоо анхаарал тавих, бэлэг сэлтээр баярлуулах сайхан баяр болгон тэмдэглэдэг.
Ерөнхийдөө гуравдугаар сарын 8-ыг хуучны Зөвлөлтийн бүрэлдэхүүний хүрээнд илүүтэй тэмдэглэдэг байна. Харин Америк, Европт бараг тэмдэглэдэггүй аж. Тиймээс үүнийг хуучин социалист орнуудад үлдсэн уламжлал гэж хэлж болно.