[starbox]
Улсын хэмжээнд он гарсанаас хойш ажилгүйдлийн түвшин 9.6 пунктээр буурсан гэх тоон мэдээлэл бий. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 40-өөс дээш насны ажилгүй иргэдийг дэмжиж ядуурлыг бууруулах зорилгоор “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г эхлүүлээд байна. Энэ жил хүнсний ногоо тариалах хүсэлтэй нийслэлийн төвийн зургаан дүүргийн 566 иргэнийг хамруулжээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан өчигдөр хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав.
Сонгинохайрхан дүүргийн нутаг Тарвагатай аманд хөтөлбөрт хамрагдсан иргэд 28 бүлэгт хуваагдан тус бүрт нэг га талбайг хуваарилан авч, 28 га талбайд төмс, хүнсний ногоо, 26 хүлэмжинд 20 гаруй нэр төрлийн нарийн ногоо, жимс, ногоо цай тариалжээ. Хэдийгээр манай улсад сүүлийн 59 жилд тохиогоогүй их халуун болж ургацынхаа ихэнх хувийг алдах төлөв гарсан ч энд ургац хураалт сайн байгааг тариаланчид болон албаны хүмүүс онцолсон. Тухайлбал, нэг хүлэмжээс ойролцоогоор 800 кг өргөст хэмх хурааж өнөөдрийг хүртэл 26 хүлэмжээс 70 гаруй сая төгрөгийн нарийн ногоог хураан авсан байна.
Иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож тариалсан хүнсний ногооныхоо ашгийг амьжиргаандаа хэрэглэх боломжтой нь энэ хөтөлбөрийн давуу тал юм. Тиймээс ч хөтөлбөрт хамрагдсан иргэд албаны хүмүүсээс ирэх жил дахин хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг хамгийн их сонирхож байв. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр хэлэхдээ “Дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Агро парк” буюу 566 өрхийн төлөөллөөс бүрдсэн иргэд энэ газарт ирж газар тариалангийн ажил хийж байна. Иргэд хөтөлбөрийн хугацааг уртасгах хүсэлтэй байдаг ч бидний зүгээс үйл ажиллагааг нь өргөжүүлэх тал даар анхаарч, төсөлд хамрагдаж чадаагүй иргэдийг бүртгэх сонирхолтой байна. Ингэснээр хүн бүр ногоо тариалж, даршилж сурна. Үүнийгээ дараа нь гэртээ, хаана ч ашиглаж орлого олох боломж бүрдэнэ. Өрх бүр хашаандаа ногоо тариалдаг болвол эрүүл хүнс хэрэглэх төдийгүй урд хөршийн хүнсний ногоо авах шаардлагагүй болно. Ургац хураалт сайн байгаад сэтгэгдэл өндөр байна” гэв.
“Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөр батлагдсанаас хойш шинээр бий болсон ажлын байрны тоо 39.4 хувиар өсч, ажлын байрны захиалгын тоо 46.2 хувиар нэмэгджээ. Энэ хөтөлбөр ирэх 2020 хүртэл хэрэгжих юм.