У.Хүрэлсүхийг Төрийн эрхийг хууль бусаар булаан авсан гэмт хэрэгт шалгахаар болжээ

Чагнаж тагнаж, амь насанд заналхийлсэн гэх дуулианыг дэгдээж, улмаар Засгийн газарт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа Шадар сайд У.Хүрэлсүхийг АТГ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ нь Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр яллагдагчаар татах дүгнэлт гарган, уг дүгнэлтийг прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ.
Өнөөдөр (2017.08.25) АТГ-аас зарласан хэвлэлийн хурлын үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Энэ асуудалд 9 хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй хэмээн мэдэгдэв.
АТГ 11.00 цагт хэвлэлийн хурал хийсний дараа Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаныхан 16.00 цагт мэдээлэл хийсэн юм. Тэд АТГ-аас мэдээлсэн У.Хүрэлсүхэд үүсгэсэн гэж байгаа Эрүүгийн хэргийг бодит үнэнд нийцээгүй, нэг талыг барьсан хэрэг хэмээн мэдэгдэв.