Өнгөрсөн оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч асан Хиллари Клинтон гол өрсөлдөгч асан, өдгөө Цагаан ордны тэргүүн болсон Дональд Трампыг “эмэгтэйчүүдийг айлгах дуртай хөлдүү амьтан” хэмээн нэрлэжээ. Экс Төрийн нарийн бичгийн даргын ийм үгтэй дурсамжийн хэсгийг лхагва гарагт Америкийн “АВС” теле суваг цацсан байна.
Энэхүү дурсамж нь Клинтоны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хоёр дахь удаагийн телевизийн халз мэтгэлцээд зориулсан хэсэг аж. Халз мэтгэлцээн өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд Миссури мужийн Сэйнт-Луист болсон билээ. Тэр үед олонх хэвлэл мэдээлэл хуучин тэргүүн хатагтай ялна гэдэгт нэгэн дуугаар нэгдэж байсан юм. Гэхдээ Трампын үйлдэл түүнийг ер бусын тавгүй байдалд оруулдаг байсан гэнэ. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Трамп өрсөлдөгч Клинтон руугаа хэтэрхий ойртож ирээд, дээрээс нь өнгийх нь холгүй юм болсон гэжээ.
Энэ тухай Клинтон “Та нар байсан бол юу хийх байсан бэ? Тайван хэвээрээ байж, түүнийг хувийн орон зай руу тань халдаагүй юм шиг л инээмсэглэсээр байх байсан уу?. Эсвэл эргэж, түүний нүд рүү цоо ширтээд чангаар “Цаашаа бол, хөлдүү минь. Надаас холд. Би чамайг эмэгтэйчүүдийг айлгах дуртай гэдгийг мэднэ. Гэхдээ чи намайг айлгахгүй байна. Тиймээс хойшоо бол” гэх байсан уу” хэмээжээ.
Экс Төрийн нарийн бичгийн даргын хувьд мэтгэлцээний агуулгадаа анхаарлаа хандуулахыг илүүд үзэж байсан гэнэ. Үүгээрээ тэрбээр өөрийг нь зайлуулахыг оролдож буй эрчүүдтэй харилцахад амаргүй гэсэн туршлага суусан аж.
Э.ЗАЯА