[starbox]
-Данийн цагдаагийнхан эргээс олдсон цогцос хоёр долоо хоногийн өмнө алга болсон сэтгүүлч эмэгтэйнх мөн гэж таньжээ-
Данийн цагдаагийн газар Амагер арлаас олдсон эмэгтэй хүний мөчилсөн цогцсыг Шведийн сэтгүүлч Ким Валлийнх мөн хэмээн энэ сарын 23-нд баталлаа. Сэтгүүлч бүсгүй Данийн алдарт зохион бүтээгч Питер Мадсенаас ярилцлага авна гэж гарснаас хойш нэг хоногийн дараа буюу наймдугаар сарын 11-нд алга болсон нь тодорхой болсон байна. Түүний сууж явсан усан онгоц живж, хамт явсан эр нь цагаа олж үсэрч буугаад аврагдсан гэжээ. Цагдаагийнхан гэмт хэргийн ул мөрийг нуух гэж онгоцыг зориуд живүүлсэн байж болзошгүй гэж сэжиглэж байсан юм.
Шведийн сэтгүүлч, 30 настай Ким Валль хэмээх бүсгүйн алга болсон тухай тухай Скандинавын орнуудын хэвлэл мэдээллээс хоёр долоо хоногийн турш дуулиан тарьж байна. Орон нутгийн сэтгүүлчид энэхүү үйл явдлыг нэг л нууцлаг, хачирхалтай хэмээж байлаа.
Энэ түүх наймдугаар сарын 10-ны орой сэтгүүлч Ким Валль 17 метр “Nautilus” шумбагч завины зохион бүтээгч Питер Мадсентай ярилцлага хийхээр явснаар ил болсон юм. Бүсгүй гар хийцийн хамгийн том шумбагч завь болон түүний зохиогчийн талаар материал цуглуулахыг хүссэн аж. Маргааш нь Валлийн найз залуу гэртээ ирээгүй болохоор нь хүлээж тэссэнгүй, цагдаад алга болсон гэж мэдэгджээ. Энэ өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөлөг онгоц живсэн тухай мэдээлэл гарсан аж. Уг онгоцноос Мадсен аврагдаж гарсан ч Валль алга болжээ.
Маргааш өдөр нь инженерийг саатуулж, санамсаргүй байдлаар хүний аминд хүрсэн гэж буруутгажээ. Сэжигтэн этгээд өөрийгөө буруугүй гээд, Копенгагенд сэтгүүлч бүсгүйг суулгаж авч явснаас гурван цагийн дараа системийн доголдлоос болж онгоц живсэн гэсэн байна.
Харин цагдаагийнхан аллагыг нуух зорилгоор онгоцыг зориуд живүүлсэн байж болзошгүй гэж сэжиглэсэн аж. Гэтэл гурав хоногийн дараа буюу наймдугаар сарын 13-нд хөлөг онгоцыг усны ёроолоос татаж, Копенгагены боомтод чирч авчрахад бүсгүйн цогцос илрээгүй, харин цусны ул мөр, түүний хувийн эд зүйлс олджээ.
Швед, Данийн засаг захиргаа хамтарч, сэтгүүлч бүсгүй амиа алддаг өдөр онгоц ямар замаар явсныг шалгаж эхэлсэн байна. Үүндээ тэд дайвер, усны локатор, нисдэг тэрэг зэргийг ашиглажээ.
Хэрэг гарснаас долоо хоногийн дараа буюу наймдугаар сарын 21-нд шумбагч завь зохион бүтээгч Питер Мадсен байцаалт өгөх үеэрээ Шведийн сэтгүүлчийн үхэл золгүй тохиолдол байсан гэж хүлээсэн байна. Копенгагены цагдаагийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр инженер эр шумбагч завинд золгүй тохиолдол болж, Ким Валль амиа алдсан гэж ам нээсэн гэнэ. Инженер хэрэг болсны дараа бүсгүйн цогцсыг Кеге тэнгисийн булангийн хаа нэгтээ хаясан гэжээ.
Алга болсон эмэгтэйг эрэх ажиллагаанд зөвхөн цагдаагийнхан төдийгүй тэнгисийн аврагчид, онгоц, завьтай энгийн хүмүүс ч оролцсон байна. Швед дэх сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагууд түүнийг эрэх ажлаа зогсоож болохгүй хэмээн уриалж байлаа. Шведийн сэтгүүлчдийн холбооны дарга Йонас Нордлинг “Ким Валль амиа алдсан тухай мэдээллийг гашуудан хүлээн авлаа. Бидний сэтгэл зүрх бүсгүйн гэр бүлийнхэнтэй хамт шүү” хэмээн мэдэгджээ.
Ингээд наймдугаар сарын 21-нд хууль сахиулах байгууллагад нэгэн дугуйчнаас мэдээлэл иржээ. Дугуйчин эр эргийн дагуу дугуйгаа унаж яваад Данийн газар нутагт ордог Амагер арлаас толгойгүй цогцос олсон гэнэ.
Копенгагены цагдаагийн газрын дэд дарга Йенс Молле энэ сарын 23-ны өглөөний хэвлэлийн бага хурлаар шинжээчид шүдний сойз, сам болон шумбагч завины хананаас олдсон цусны ул мөрд ДНК-ийн шинжилгээ хийснээ мэдэгдсэн байна. Шинжээчид олдсон цогцос нь хоёр долоо хоногийн өмнө алга болсон Шведийн сэтгүүлч Ким Валлийнх мөн болохыг тогтоож чаджээ.
Гэхдээ олдсон цогцсыг мөчилсөн байсан тухай цагдаагийнхан тэмдэглэж байна. Энэ тухай Моллер “Гэмт хэрэгтэн цогцсыг агаар, хий гаргахын тулд зориуд гэмтээсэн бололтой. Ингэсэн тохиолдолд цогцос гадаргуу дээр гарч ирдэггүй” хэмээн хүчний төлөөлөгч мэдэгджээ. Шинжээчийн хэлж буйгаар цогцсыг усны ёроол руу чөлөөтэй унагахын тулд металл зүйл бэхэлсэн аж. Одоогийн байдлаар цогцосны үлдэгдэл хэсэг олдоогүй, хэргийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй байна.
Энэ сарын 23-нд сэтгүүлч бүсгүйн ээж Ингрид Валль “Facebook” хуудсаараа дамжуулан охиных нь цогцсыг цагдаагийнхан олсныг мэдсэнээ мэдэгджээ. Тэрбээр “Манай Ким Валлийн цогцос олдсон гэх мэдээллийг бие уй гашуу, түгшүүртэйгээр хүлээн авлаа. Кимийгээ алга болсон цагаас хойш өнгөрүүлсэн аймшигт өдрүүдэд бид түүнийгээ бусад хүмүүст хүнийхээ хувьд ч, сэтгүүлчийнхээ хувьд ч ямар үнэ цэнтэй хүн бэ гэсэн тоо томшгүй олон нотолгоог олж авсан” гэж бичжээ.
Сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 46 настай инженер Питер Мадсен нь 2008 онд гол бүтээл болох “UC3 Nautilus” шумбагч завийг бүтээсэн юм. Тухайн үед завийг дэлхий дээрх хамгийн том сонирхогчдын шумбагч завь хэмээн нэрлэж байлаа. Энэ завь 17 метр урт өгөөд 33 тонн жинтэй аж. Гэвч уг завь удаан яваагүй юм. 2010 онд машины дотор батерей дэлбэрч, 2011 онд их засварт оруулсан байна. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас дахин ашиглалтад орж эхэлжээ.
Мадсен багаасаа пуужингийн технологи сонирхож ирсэн. Тэрбээр сүүлийн үед сансрын орон дайд нислэг хийх сонирхогчийн аппарат бүтээх ажилд ханцуй шамлан орж байв. Сансарт дуртай энэ зангаас нь болоод Данийн хэвлэлүүд инженерт “Пуужин Мадсен” хэмээх хоч хайрлажээ.
Инженерийн тухай олон нийтлэл бичиж, ном хүртэл гаргаж байсан сэтгүүлч Томас Юрсинг түүнийг бусадтай хэл амаа ололцож чаддаггүй хүн гэжээ. Тэрбээр “Мадсон бодсон бүхнээ хийхийг хүсдэг, маш их амбицтай хүн хэмээсэн байна.
Харин тайлагдашгүй нууцтайгаар амиа алдсан сэтгүүлч Ким Валль Шведийн өмнөд хэсгийн Скона мужид сэтгүүлчдийн гэр бүлд төрж өсчээ. Бүсгүй Лондоны эдийн засгийн сургуульд суралцаж байгаад 2013 онд Нью-Йоркт Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургуулийг төгссөн байна. Тэрээр “The Guardian”, “The New York Times” зэрэг хэвлэлүүдтэй хамтран ажиллаж байв.
Ким Валль экологийн асуудлыг хөнгөж, түүнчлэн ёс суртахуун, феминизмийн талаар бичдэг нэгэн байсан юм. Мөн Нью-Йорк, Бээжинд олон жил ажиллажээ. Хэвлэлүүдэд дурдаж байгаагаар Валль энэ онд Копенгагенд нүүн ирж, Питер Мадсены тухай сурвалжилга хийхээр төлөвлөөд байсан гэнэ. Түүнийг зөөлөн, олонд хүндлэгдсэн, авьяаслаг, мэргэжилдээ шунан дурласан хүн байсан гэж найз нөхөд нь дурсан ярьж байна.