УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх УИХ-ын Тамгын газраас томилсон Эдийн засгийн байнгын хорооны баг бүрэлдэхүүн өнөөдөр (2017.08.24) Налайх дүүрэгт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын дарга Б.Нэргүй болон дүүргийн иргэд, хөдөлмөрчид оролцсон байна. Энэ үеэр тус дүүргийн иргэдийн олонх нь хотын статустай болж, бие даасан хот болох саналыг хэлж байлаа. Суугуул иргэд нь хот болох саналаа гаргадаг ч шийдвэр гаргах дээд төвшинд очоод гацдаг гэдгийг шүүмжилж байсан юм. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай заалтад өөрчлөлт оруулахдаа орон нутгийн иргэдийн саналыг түлхүү оруулахгүй бол маргаан эцэслэхгүй гэдгийг хэлж байв.
Тэгвэл зарим иргэд одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хууль муу хууль биш. Харин дагаж гарч байгаа хуулиуд нь муу байна гэсэн бол УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, эргэж татах заалтуудыг тодорхой тусгамаар байна гэх санал ч цөөнгүй гарсан. Үндсэн чиглэлийн яаманд Эрүүл мэнд, боловсролын яамыг зайлшгүй оруулах шаардлагатай талаар багш, эмч нарын төлөөлөл санал бодлоо хуваалцсан.
Тухайлбал, нийслэлээс алслагдмал Багануур, Багахангай, Налайх дүүргийн багш нар таван жилийн нэмэгдэлд хамрагддаггүй. Бусад төрийн албан хаагчдын хувьд ч хэлтэс нэрийн дор адилхан алслагдмал орон нутагт ажиллаж байгаа ч аймгуудын газруудын албан хаагчидтай ижил хэмжээний цалин аваад хийдэг ажил нь яг ижил байгааг хэлж байсан юм. Иймээс бие даасан хот болсноор олон асуудлыг шийдэх боломжтойг онцолсон. Ийнхүү иргэдийн саналаар хэлэлцүүлэг дуусч, говийн бүсэд УИХ-ын Тамгын газраас томилсон Эдийн засгийн байнгын хорооны баг бүрэлдэхүүний ард нийтийн хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
1 comment
yun biy daaj hot boloh be amjihgui shdee