[starbox]
Америкийн цэргийнхэн Өмнөд Солонгосын дөрвөн бааздаа хамгаалалтын хана босгохоор төлөвлөж байна. Энэхүү гэрээг АНУ-ын төрийн худалдан авалтын сайтад нийтэлжээ. Уг баримтад тэмдэглэснээр 20 км орчим ханыг Сувон, Тэгу, Кванжу, Кимхэ агаарын цэргийн баазад босгох аж. Эдгээр бааз нь Хойд Солонгосын хилээс 70- 580 км-ийн зайд оршдог аж. Хамгаалалтын хана нь тэсрэлтийн долгионоос хамгаалах чадвартай байх бөгөөд сум шууд нэвтрэхээс хамгаална.
Ингэхдээ агаарын цэргийн баазын периметрээс шалтгаалан бааз бүрт 5-5.4 км хана босгоно гэж тооцоолжээ. Ханын өндөр 2.2 метр байр бөгөөд 2.1 м зузаан байна. Америкийн цэргийнхэн түүнчлэн эмзэг объектуудын эргэн тойронд тусгаарлагдсан бүс байгуулж, бүтцийн хамгаалалтаа хангаж болно гэжээ. Харин гүйцэтгэгч нь Пентагоноос захиалга авахын тулд хамгаалалтын хаалт босгох ажлыг доод тал нь таван жил хийж байсан, АНУ-ын Засгийн газартай хоёр жил хамтран ажилласан туршлагатай байх ёстой аж.
Баазуудынхаа үйл ажиллагааг шинэчилж байна
Солонгосын хойг дахь Америкийн цэргийнхэн агаарын цэргийн баазууддаа хана босгохоос гадна өөр ажлуудыг ч хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, “Кунсан” агаарын цэргийн баазад энгийн нуувчны оронд бетонон байгууламж барихаар болжээ.
Түүнчлэн Солонгосын хойгт орших хэд хэдэн гарнизонд хуаранг нь засаж тохижуулах, аюулгүйн шинэ систем суурилуулах, тасралтгүй тэжээл авдаг шинэ зай хураагуур худалдаж авахаар болсон аж. Энэ сарын 17- нд АНУ-ын “Camp Humphreys” хэмээх шинэ баазын үйл ажиллагаа эхэлж, АНУ-ын Зэвсэгт хүчний наймдугаар арми тэнд ирж суурьшсан билээ.
Цэргийн шинэ бааз ба пуужин эсэргүүцэх систем
АНУ-ын Зэвсэгт хүчний наймдугаар армийн суурьшсан Пёнтэк дэх “Camp Humphreys” өргөтгөсөн бааз нь Хойд Солонгосын хилээс нэлээд зайдуу буюу Сөүлээс урагш 70 км-ийн зайд байрладаг. 14.4 км.кв талбайтай уг бааз нь АНУ-ын хилийн чанад дахь хамгийн том цэргийн баазын тоонд орж байна. Ер нь Өмнөд Солонгост Америкийн 28.5 мянган цэрэг алба хааж байгаа юм.
Өмнөд Солонгост дөрөвдүгээр сараас эхлэн THAAD системийг байршуулахыг эсэргүүцсэн үйл ажиллагаа зохион байгуулагдсаар байна. Тус улсын иргэд Америкийн пуужин эсэргүүцэх системтэй дүүрэгт Пхеньянаас цохилт өгч магадгүй гэж эмээж байгаа аж.
Тиймээс өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгосын иргэд Солонгосын хойг дахь пуужинг эсэргүүцэх систем байгуулсан АНУ-ын цэргийн баазын ойролцоо эсэргүүцлийн арга хэмжээ явуулсан. Тэд шинэ цогцолбор байршуулбал зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй гэжээ.
Гэтэл АНУ энэ сарын эхээр Өмнөд Солонгосыг Пхеньянаас хамгаалахын тулд пуужингийн нэмэлт цогцолбор олгоход бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдлийг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, Тэнгисийн цэргийн хүчний ахмад Жефф Дэвис хийсэн аж.
Өөр улс орнууд ч эсэргүүцэж байна
Өмнөд Солонгост Америкийн пуужинг эсэргүүцэх систем байршуулсанд нутгийн иргэд нь төдийгүй Хятад, Орос ч дургүйцэж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, “Москва, Бээжингийн зүгээс Өмнөд Солонгост THAAD пуужинг эсэргүүцэх систем байршуулсан нь бүс нутгийн гүрнүүдийн ашиг сонирхолд хохирол учруулаад зогсохгүй Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулахад тус болохгүй байна гэж үзэж байна” хэмээн Москва, Бээжингийн хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Хойд Солонгос улс өнгөрсөн долоодугаар сарын 28, 29-нд тив алгасагч хоёр баллистик пуужин хөөргөснөөс болж Пхеньян, Вашингтоны харилцаа эрс муудсан билээ. Үүний дараа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Америкийн бааз байрладаг Гуам аралд цохилт үзүүлэх боломжийн талаар ярьсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч энэ мэдэгдлийн дараа дуугүй суусангүй. Тэрбээр Хойд Солонгосыг АНУ-д аюул заналхийлэл учруулбал дэлхий ертөнцөд урьд өмнө нь байгаагүй ширүүн гал, догшин хилэнгээр хариуг нь барина гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийн дараа буюу энэ сарын 14-нд Ким Чен Ун Хойд Солонгосын пуужингийн цэргийн удирдлагуудтайгаа уулзаж, ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө АНУ-ын үйлдлийг ажиглая гэсэн байр суурьт хүрсэн байна.
Дашрамд дурдахад энэ сарын 12-нд Хойд Солонгосын 3.5 сая иргэн сайн дураараа армидаа элсчээ. Тэд ийм шийдвэр гаргасан нь Пхеньян, Вашингтоны хооронд сүүлийн үед харилцаа эрс муудсан тул АНУ-д хариуг нь барихад туслах зорилготой гэнэ.