Д.Трамп бямба гаригт (2017.03.04) твиттер хуудастаа ямар ч нотлох баримт дурдалгүйгээр “Сонгуулийн кампанит ажлын үеэр Б.Обамагийн засаг захиргааныхан Нью-Йорк хот дахь “Trump Tower” барилгад миний утасны яриаг чагнах төхөөрөмж суурилуулсан байсан” гэж бичжээ.
Энэ жиргээг хүлээж авсан Б.Обамагийн хэвлэлийн төлөөлөгч тухайн өдөр “Д.Трампын мэдэгдэл худал. Ерөнхийлөгч Б.Обама хэнд ч хэн нэгнийг тагнах үүрэг өгч байгаагүй” гэсэн бол ням гаригт (2017.03.05) Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер хэвлэлийн бага хурал хийж 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ерөнхийлөгч асан Барак Обама Конгрессоос эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж, Дональд Трампын утасны яриаг чагнасан эсэхийг шалгахыг хүссэн гэж мэдээлсэн байна.
АНУ-д 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампын сонгуулийн штабынхан ОХУ-ын талтай харилцаж байсан гэх мэдээллийг мөрдөн шалгах ажил явагдаж байгаа. Шинжээчид Трамп “сонгуулийн кампанит ажлын үеэр Бүгд найрамдах намынхан Оросын талтай харилцаж, сонгуулийн дүнд нөлөөлсөн” гэх шүүмжлэлийг зогсоохын тулд бурууг Обамагийн засаг захиргаанд тохох гэж оролдож байж мэднэ гэж үзэж байгаа аж.