Хойд Солонгосоос оргож зайлж Өмнөд Солонгост ирж, мэдээлэл өгсөн хүмүүсийг 860 мянган доллараар урамшуулна гэж Сөүл мэдэгдлээ. Энэ бол өмнө нь амлаж байсан мөнгөн шагналын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгө аж. Урамшуулал шагналыг Өмнөд Солонгосын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус болох мэдээ мэдээлэл өгсөн хүмүүс авах боломжтой юм байна.
Мөн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам Хойд Солонгосоос гар буу, нисэх онгоц, танк, их буу зэрэг зэвсэгтэй оргосон цэргүүдэд нэмэлт шагнал өгнө гэдгээ зарласан байна. Мэдээллийн ач холбогдлоос хамаарч шагналын мөнгө хэлбэлзэх аж. Умардаас оргон зугтсан хүмүүст өгөх шагналын хэмжээг Сөүл сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа нэмэгдүүлж байгаа юм байна.
Хятадтай залгаа хилээр дамжин оргон зугтаж байгаад баригдсан умард солонгосчуудыг Хятадын эрх баригчид албадан нутаг буцаадаг бөгөөд Пхеньян тэдэнд хүнд ял оноодог байна. 2016 оны наймдугаар сард Лондонд ажиллаж байсан Хойд Солонгосын дипломатч Тэ Ён Хо Өмнөд Солонгост зугтаж ирсэн нь Пхеньянаас дайжсан хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болсон юм. Сөүлийн шийдвэрийн талаар Умард Солонгосын Засгийн газар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.