[starbox]
Ардчиллын үнэ цэнэ
Ардчилал бол дэлхий дээрх улс төрийн хамгийн сайн дэглэм. Үүнийг аль болох олон оронд түгээн дэлгэрүүлэх нь чухал. Энэ бол АНУ-ын Төрийн департаментын сайтад тунхагласан АНУ-ын гадаад бодлогын зарчмуудын нэг. Өнөөдөр ардын засаглалыг танкны мөрөөр олж авах нь моод биш, бас үнэтэй болсон. Харин үүнийг “зөөлөн хүч”-ээр буюу ашгийн төлөө бус байгууллагаар түгээж болно. Ингэхдээ Афганистанд эмэгтэйчүүдэд лекц зохион байгуулах, Орост сөрөг хүчнийхэнтэй уулзах зэргээр дэлхий даяар нэгэн зэрэг хийж болно гэдгээрээ давуу талтай. Тэгвэл АНУ энэ үйл явцыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
Тегеран. 1953 оны наймдугаар сар. Шах Мохаммед Реза Пехлеви ард түмний дунд нэр алдартай Ерөнхий сайд Мохаммед Мосаддыкийг огцруулснаа зарлаж, Ираны нийслэлд хэдэн өдрийн турш Ерөнхий сайдыг дэмжигчид жагсчээ. “Урвагчийг тонилго! Шах тонил!” хэмээн хашхиралдаж байв. Энэхүү эмх замбараагүй байдлыг коммунистууд ч овжноор ашиглаж, шах болон хатны хөшөөг унагаж, дэлгүүр лангуу руу дайран орж, хотын гудамжийг түйвээжээ.
Наймдугаар сарын 19-ний өглөө эрт Америкийн сэтгүүлч Стелла Маргольд АНУ-ын ЭСЯ-наас гэр рүүгээ харьж явав. Гэтэл тэр гэнэт нэгэн захад зэвсэглэсэн улс цугларч байгааг харав. “Хүн бүр баруун гартаа шийдэм бороохой, зүүн гартаа чулуу барьсан байлаа. Тэднийг шахын талынхан удирдаж байв. Удалгүй жагсагчид дээр цагдаа, цэргүүд нэгдэж, тэдний тоо 3000-д хүрлээ” хэмээн сэтгүүлч бүсгүй дурссан байдаг.
Удалгүй энэхүү бүлэг этгээд зүүний хоёр сэтгүүлийн редакцийг шатааж, дэлгүүрүүдийг тонож эхлэв. Зарим нь танк, цэргүүдийн дэмжлэгтэйгээр Мосаддыкийн гэр рүү дайрч байлаа. Түүнийг олзолж авахад хэдхэн цаг үлдээд байв.
Энэ үед сэтгүүлч Маргольдкоммунистуудын төдийгүй шахын үнэнч албатуудын талын эмх замбараагүй байдал дэгдээгчид Америкийн тусгай албанаас мөнгө авсан гэдгийг мэдээгүй байжээ. “Мосаддык болон түүний “Үндэсний фронт”-ыг түлхэн унагасан цэргийн эргэлтийг АНУ-ын гадаад бодлогын хүрээнд Тагнуулын төв газрын удирдлаган дор гүйцэтгэсэн. Үүнийг засгийн дээд түвшинд боловсруулж, баталсан” хэмээн 2013 онд ил болгосон Америкийн баримтуудад хээв нэг бичсэн байдаг. Вашингтоноос Тегераны засаг захиргааг коммунистуудад эзлэгдэхийг хүсээгүй, Америк, Британийн компаниуд тус улсын нефтийн орд дахь эзэмшлээ хадгалж үлдээсэй гэсэндээ ийм үйлдэл хийжээ.
Энэ ажиллагаа ч цэвэр болж чадаагүйг жирийн иран иргэд ч мэдэж байв. Вашингтон тус улсын дотоод бодлогод ичих нүүргүйгээр оролцсон нь ард түмнийг үзэн ядахад хүргэж, радикал антиамериканизм тус улсын сөрөг хүчний онцлох шинж болжээ. Ингээд шахыг түлхэн унагаж, 1979 онд засгийн эрхэнд аятолла Хомейни гарч ирэх үед АНУ Ираны эрс, эвлэршгүй өрсөлдөгч болон хувирчээ.
Тагнуулын төв газрын оролцоотой бас нэгэн үйлдэл ичгэвтэр байдлаар дуусгавар болсон юм. 1960 оны дөрөвдүгээр сарын 17-нд Фидель Кастрогийн дэглэмээс зугтсан Кубын дүрвэгчдээр бүрдүүлсэн “Бригада 2506” Гахайн тохойгоор дамжин Кубад дайрчээ. Тэдний гол зорилго нь коммунист Засгийн газрыг унагаах байв. Энэ үйл явдалд америкчууд оролцсон гэдэг нь ил болмогц Зөвлөлтийн удирдагч Никита Хрущев америкчуудыг цөмийн бөмбөгөөр сүрдүүлж, Ерөнхийлөгч Жон Кеннеди зайлсхийхээс өөр аргагүй болжээ. Ингээд бослого дарагдаж, булаан эзлэгчдээс 118 нь амиа алдсан бол 1202 нь кубачуудад бууж өгчээ.
Олзлогдсон этгээдүүдийг олны өмнө, дэлхий нийтийн нүдэн дээр шүүсэн байна. Тэдний олонхийг нь цаазалж хороожээ. “Гахайн тохой”-н энэхүү түүх хоёр орны харилцааг эрс муутгасан төдийгүй АНУ-ын нэр хүндийг унагасан юм. Гэхдээ Вашингтон Тагнуулын төв газрыг гадаад бодлогын гол хэрэгсэл болгон ашиглах зорилгоосоо ухраагүй ч цагийн аягаар бөмбөг, буунд мөнгө үрснээс лекц, шагналд зарцуулбал үр дүнтэй гэдгийг ойлгожээ.
Илүү зөөлөн арга
“Манай улсын эрх чөлөөний хувь заяа бусад орнууд дахь эрх чөлөөний амжилтаас илүү шалтгаална. Эрх чөлөөг дэлхий дахинаа тараах нь дэлхий дахинаа энх тайвныг тогтоох хамгийн сайн боломж. АНУ-ын бодлого бол ардчилсан хөдөлгөөн, үндэстэн бүрийн институтийг дэмжиж, дэлхий даяарх ноёрхлыг зогсоох юм” хэмээн бага Жорж Буш 2005 онд хоёр дахиа тангараг өргөх үеэрээ мэдэгдэж байлаа.
Ардчиллын үрийг харанхуй ард түмэнд тарих сайн үйлсийн үүрэг даалгаврын хүрээнд төрийн болон хувийн хэдэн арван байгууллага байгуулжээ. Тэднийг “газар дээр нь ажилладаг”, шагнал тараадаг гэж хоёр ангилж болно. Эдгээрээс хамгийн алдартай нь 1961 онд байгуулсан АНУ-ын олон улсын хөгжлийн төрийн агентлаг буюу товчилбол USAID юм.
USAID өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, ядуу орнуудад байгалийн гамшгийн үр дагаврыг даван туулах, ядуурал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, түүнчлэн нийгмийн эдийн засгийн хөгжилд анхаарах, харилцан ашиг сонирхлоо илэрхийлэх зэрэг багтдаг. Үүнд ардчиллыг түгээн дэлгэрүүлэх гэсэн бодлого ч бий. Энэ хүрээнд Вашингтоноос олгосон мөнгөний 80 гаруй хувийг зарцуулдаг. Энэ мөнгө нь чамгүй их. Тодруулбал, 2015 онд төсвөөс гурван тэрбум ам.долларыг гаргаж байсан бол 2018 оны төсөлд 92 сая ам.доллар болгон бууруулжээ.
USAID ямар нэгэн улсад орохоор болбол засагтайгаа хэлэлцээр хийдэг.Ингээд хоёр орны Засгийн газар хооронд ажилчдын статусын талаар гэрээ хэлцэл хийгдэнэ. Тухайлбал, USAID-ын ажилтнуудад дипломатч шиг хандана гэж заадаг аж. Ингээд гэрээ хэлцэл хийгдмэгц агентлагийн төлөөлөгчийн газар тухайн улсад үүдээ нээнэ. Энд АНУ-ын шинжээчид хэдэн жилийн зайтай солигдон ажиллах аж. Тэд тухайн улсын эдийн засаг, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж, тухайн улсын засагтай зөвлөлдөж, хаана Америкийн тусламж илүү хэрэгтэй байгааг шийднэ. Тухайн улсын нөхцөл байдал хүнд хэцүү байх тусмаа төлөөлөгчийн газар нь илүү том байна.
Энэ төрлийн ажил ардчиллын замд байгаа улс орнуудад илүү тохиромжтой байдаг. Харин эрх чөлөөт бус орнуудад тэр бүр үр дүнгээ өгдөггүй аж. Тухайлбал, USAID 1991 оноос хойш 55 сая ам.долларыг Азербайжаны хөгжилд зарцуулсан ч хүссэн амжилтад хүрч чадаагүй юм.
Гэхдээ амжилтад хүрсэн түүх бий. Тухайлбал, 2010 онд Гаитид аймшигт газар хөдлөлт болсны дараа USAID 200 мянган хүнд шинэ орон гэр барьж өгч, 350 мянган хүнийг түр ажлын байртай болгожээ. Афганистанд агентлагийн дэмжлэгтэйгээр 2000 гаруй км зам барьж, 16 мянган дунд сургуультай болж, 358 мянган ажлын байр шинээр бий болсон байна.
Шагналын арга
Төлөөлөгчийн газар байгуулна гэдэг үнэтэй хэрнээ цаг их барсан ажил. Гэтэл зарим газруудад хүнд суртал улам бүр газар авсаар байдаг. Энэ дутагдлыг арилгахын тулд ардчиллыг дэлгэрүүлэх хоёр дахь замыг ашигладаг. Энэ бол шагналын арга юм. Иймэрхүү төрлийн хамгийн алдартай байгууллагын тоонд NED буюу Үндэсний дэмжлэгийн сан багтдаг. Тус байгууллагыг Рональд Рейганы засаг захиргааны шийдвэрээр анх 1983 онд байгуулж байсан түүхтэй. NED-ийг хараат бус захирлуудын хурал удирддаг бөгөөд Америкийн улс төрийн хоёр үндсэн намын төлөөлөгчид оролцдог. Төсвийн тодорхой хувийг улсын сангаас авдаг ч сайн үйлсийн сангууд нэлээд хэмжээний хандив дэмжлэг үзүүлдэг.
Вашингтоноос NED-ийг ашгийн төлөө бус дөрвөн байгууллагыг санхүүжүүлэхэд ашигладаг байна. Энэ бол IRI буюу Олон улсын бүгд найрамдахчуудын институт, NDI буюу Үндэсний олон улсын асуудал эрхэлсэн ардчилсан институт, Solidary Center, CIPE буюу Олон улсын хувийн үйлдвэрлэлийн төв зэрэг юм. NED-ийн хувь хэмжээ 100 мянган ам.доллараар хэтэрдэггүй. Тус байгууллага нь Польшийн мэргэжлийн холбоодын хэд хэдэн байгууллагыг сургаж, хэвлэл мэдээллийг байгуулж, бусдад ардчиллыг бүтээх дадал зуршлыг олгодог байна.
Үүнээс гадна Соросын Нээлттэй нийгэмлэг сан зэрэг хувийн сангууд ч ардчиллыг дэлгэрүүлэх үйл хэрэгт оролцдог. Гэхдээ Америкийн эдгээр сан, байгууллагын үйл ажиллагааны зорилгыг улс орны тэргүүнүүд шүүмжлэх нь бий. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн ТББ-уудыг Оросын улс төрд хутгалддаг гэжээ. Түүний хэлснээр 2000, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон гэнэ. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд гадны орнуудад тусламж гэж олгодог иймэрхүү мөнгөний урсгал эрс татарч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч энэ чиг хандлагыг дэмжиж байгаа аж.