Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус болон байгалийн гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудын зүгээс анхааруулж байна.
Энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагийн 17.40 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийг хүчтэй хуй салхи дайрч, 100 гаруй айлын гэр байшин нурж сүйджээ. Энэхүү богино хугацааны хуй салхины улмаас хоёр хүн бэртэж, 47 айлын хашаа нурж, 13 айлын гэр салхинд хийсч, 20 гаруй айлын байшингийн цонх хагарч дээвэр нь нурсан байна. Бэртсэн хоёр хүн гэр нурах үед унинд цохиулж хөнгөн зургийн гэмтэл авчээ.
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн дараа ажлын хэсэг гаргаж шуурхай ажиллаж хохирлын хэмжээг тогтоожээ. Гамшгийн улмаас нийтдээ 350 гаруй сая төгрөгийн хохирол учирсан аж. Орон нутгийн зарим байгууллагатай хамтран гэр оронгүй болсон 13 айлын гэрийг бүрэн шийдвэрлэжээ. Үлдсэн хохирлыг хэрхэн барагдуулах талаар яригдаж байгаа гэж Хужирт сумын Засаг дарга Р.Лхагвасүрэн хэллээ.
Зарим эх сурвалжийн мэдээллээр дээрх хуй салхи 24-30 метр секундын хурдтай байсан гэв. Ийм хуй салхи нь хажуугийн хүчтэй салхины үйлчилгээн дор агаарын халуун ба хүйтэн урсгал мөргөлдсөнөөр энэ салхи үүсдэг байна. Уг хуй салхи ердийн дуу цахилгаантай бороо ба мөндрөөр эхэлдэг. Дараа нь хэдэн минутын дотор агаарын хэм нь эрс доошлон аянгын үүлнээс агаарын хуй нь дээд, доод хэсэгтээ юүлүүр маягийн тэлэлттэйгээр газарт бууж ирнэ. Хуй салхины агаарын масс нь цагийн зүүний дагуу хурдтайгаар эргэлдэн хуйн дотор талд ус, шороо болон замдаа тааралдсан бүгдийг татан эргүүлэн нэлээдгүйд зайд зөөн хаядаг аж.
Мөн хэд хоногийн өмнө Хөвсгөл, Булган аймгийн зарим нутгаар их хэмжээний мөндөр орж зам харгуй эвдэрсэн төдийгүй Хөвсгөл аймагт хүний амь эрсджээ. Иймээс ард иргэдийг байгалийн гамшигт үзэгдлээр сэрэмжлэн анхаарал болгоомжтой байхыг зөвлөе.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=96239