[starbox]
–Дональд Трамп Засгийн эрхэнд байх нэг жилийн хугацаанд 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн найман жилийн хугацаан дахь аяллаас ч илүү зардал гаргаж байна гэжээ–
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн харшийн хамгаалалтад нэмж 41 сая ам.доллар гаргуулахыг зорьж байна. Засгийн газрын зардлын хүрээнд Ерөнхийлөгчийн амьдардаг, АНУ-ын Нууц албаны хамгаалалтад байдаг хувийн объектуудыг хамгаалж буй ажилчдын цалинг нөхөж олгохоор болжээ. Үүнд Трампын Нью-Йоркт байдаг “Trump Tower” тансаг зэрэглэлийн байр, Флорида дахь Мар-а-Лаго эдлэн орж байна.
Ерөнхийлөгчийн хамгаалалт
Ерөнхийлөгчид, дэд ерөнхийлөгчид болон тэдний гэр бүлийн хамгаалалтыг АНУ-ын Нууц алба хариуцан ажилладаг. Уг байгууллага анхандаа АНУ-ын Сангийн яамны шууд удирдлаган дор байгуулагдаж байсан аж. Гэвч 2003 оноос хойш тус алба АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны бүрэлдэхүүнд орсон юм.
Тус алба одоо байгаа Ерөнхийлөгчөөс гадна өмнөх Ерөнхийлөгчдийг суудлаа өгснөөс хойш 10 жилийн турш, төрийн тэргүүн агсны эхнэр, нөхөр, түүнчлэн төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг сонгуулиас 120 хоногийн өмнөөс эхлэн хамгаалдаг. Цагаан ордон болон бусад ордны аюулгүй байдлыг ч тус алба хариуцан ажилладаг аж. Америкийн Ерөнхийлөгчийн албан ёсны ордонд Вашингтон дахь Цагаан ордон, Мэриленд мужийн Кэмп-Дэвид ордонд багтдаг.
1976 онд Америкийн Ерөнхийлөгчийн хувийн харшийг ч хамгаална гэсэн хууль гарчээ. Ингээд хамгаалуулж буй этгээд оршин суугаа, төрийн объект биш нэг газраа зааж, түүнийг нь Нууц алба байнгын хараа хяналтад байлгах үүрэг хүлээсэн байна. Энэхүү хувийн объектыг хамгаалахад 10 мянган ам.доллараас хэтрэхгүй зардал гардаг байлаа. Харин энэ удаа уг зардал 200 мянган ам.доллар болж өсчээ.
Зардал хэрхэн нэмэгдэв
Америкийн хэвлэлүүдэд тэмдэглэснээр Ерөнхийлөгч Трампын хамгаалалтын зардалд Нууц албаны төсвөөс хэтэрсэн тул зардлаа ийнхүү нэмэхээс өөр аргагүй болсон гэнэ. Өнгөрсөн тавдугаар сарын Америкийн “Business Insider” хэвлэлд АНУ-ын конгресс Ерөнхийлөгчийн хамгаалалтын зардлын санхүүжилтийг 120 сая ам.доллар болгохыг дэмжсэн тухай мэдээлсэн билээ.
Тухайлбал, Нью-Йоркийн “Trump Tower” болон Ерөнхийлөгчийн гэр бүлийг хамгаалахад л 26.8 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Хэдийгээр АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп болон түүний хүү өнгөрсөн зургаадугаар сард Цагаан ордонд нүүж ирсэн ч АНУ-ын хуулиар Нууц алба ямар ч тохиолдолд төрийн тэргүүний гэрийг хамгаалах үүрэгтэй аж. Трампын хувьд тангараг өргөх ёслолоосоо хойш “Trump Tower”-т нэг ч удаа ирж байгаагүй. Гэхдээ энд түүний том хөвгүүд нь ажилладаг болохоор хамгаалалт зайлшгүй гаргах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Нью-Йорк, Палм-Бичийн орон нутгийн засаг захиргаа нэмж 60 сая ам.доллар гаргасан.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио АНУ-ын холбооны засаг захиргаанд хандаж, улсын төсвөөс 35 сая ам.доллар нэмж гаргах хүсэлт тавьжээ. Учир нь тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Дональд Трампын хамгаалалтад Нью-Йоркийн засаг захиргаа өдөр бүр нэг сая ам.доллар гаргахаас өөр аргагүй байдалд орсон гэнэ.
Зарлагатай эдлэн
АНУ-ын конгресст Трампыг Флорида муж руу аялахдаа хувиасаа мөнгө гаргахыг уриалсан хуулийн төсөл хүртэл орж иржээ. АНУ-ын өмнө зүгт орших энэ мужид Трампын хувийн эдлэн, хувийн клуб болох Мар-а-Лаго байдаг. Энд тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй томоохон зочдоо хүлээн авч байсан билээ.
Хуулийн төсөлд зааснаар Трампыг Флорида руу аялах тоолонд Америкийн төсвөөс 3.7 сая ам.доллар гардаг гэнэ. Түүнчлэн Дональд Трамп засгийн эрхэнд байх нэг жилийн хугацаанд 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн найман жилийн хугацаан дахь аяллаас ч илүү зардал гарч байна гэжээ.
Өмнөх Ерөнхийлөгчийн зарлага
Америкийн CNN агентлагийн мэдээлснээр Барак Обама Ерөнхийлөгчөөр хоёронтоо ажиллах хугацаандаа аялалд 97 сая ам.доллар хүрэхгүй зардал гаргаж байсан гэжээ. Үүнд ажлын айлчлал, хувийн аялал, Аспен цанын амралтыг газарт очсон, гэр бүлийнхэнтэйгээ Массачусетст амарсан зэрэг бүгд багтана гэжээ.
Гэхдээ зохиолч Жон Грум “1.4 тэрбум ам.долларын Ерөнхийлөгч: Обамаг Цагаан ордонд байхад хэдийг зарцуулсан бэ” номондоо Обама 1.4 тэрбум ам.долларын зардал гаргасан гэсэн байна. “Judicial Watch” мэдээллийн порталын мэдээлснээр Барак Обама гэр бүлийн аялалд 100 гаруй сая ам.долларын зардал гаргадаг байсан гэнэ.