Иргэн М.Төртогтох боловсролын систем, сурагчдын асудлаар нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монголынхоо боловсролын нөхцөл байдлыг мэдэхгүйгээр нийгэм үндсэндээ хоёр хуваагдаж байна. Болж бүтэхгүй байгаа асуудлаа тайлагнаж тайлбарлахгүйгээр бүх зүйлийг болж байгаа юм шиг тамгатай гарын үсэгтэй цаас ярьсан яамдын нөхдүүд Монголын боловсролын системийг болно бүтнэ гээд хэзээ ч бүтэшгүй юм яриад явж байдаг.
Манайд сургуулийн их завсарлагаа яагаад 30-45 минут байж болдоггүй вэ, яагаад нийт хүүхдийн 50-80 хувь нь сургууль дээрээ хөгжих боломжгүй байдаг вэ, яагаад гаднын улсуудынх шиг сайн туршлага нутагших боломжгүй байдаг вэ гэдэг ч юм уу. Яагаад тэгш бус боловсролын тогтолцоо байсаар байгаа вэ, боловсролд улс төр хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ гэдэг агуулгаар ярилцана.
Эцэг эхчүүд боловсрол олгогчдоос дараах зүйлсийг хүсдэг.
- Хүүхдээ амьдралд бэлдмээр байна
- Хүүхдийнхээ чаддаг, хүсдэг мэргэжил сургуульд нь элсүүлэмээр байна
- Хүүхдээ хорт зуршилгүй, эрүүл, зөв төлөвшилтэй хүн болгомоор байна
- Сайн багшид өгмөөр байна
- Цөөн хүүхэдтэй ангид сургамаар байна
- Багш нь хүүхдэд хүрч ажилладаг баймаар байна гэхчлэн эдгээр зүйлсийг нийгэм даяараа хүсэж байна.
Тэгвэл Монгол Улсын хэмжээнд 871 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 771,000 сурагч суралцаж байна. Эдгээрээс улсын сургуульд суралцаж буй хүүхдүүд яагаад багшийн зааж байгаа хичээлийг тэгш хүртээмжтэй авч чадахгүй байгаа вэ. Судалгаанаас харвал энэ нь нэг ангид суралцаж буй хүүхдийн тоотой холбоотой. Жишээлбэл нэг анги 40-60 хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдийн 15-20 хувь нь л тухайн багшийн заасан агуулга, мэдлэгийг авдаг.
Жишээлбэл 1,500 хүүхдийн багтаамжтай сургуульд 4,500 хүүхэд чихчихсэн. Энэ асуудлыг боловсролын үе үеийн сайд нар ярьдаг, хууль, тушаал гаргадаг. Бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Сургууль барих нэрийн дор хувь улс төрчдийн пи ар явдаг.
Сургууль 2-3 ээлжээр хичээллэж, хүүхдүүд нь багтахгүй байгаа ийм нөхцөлд завсарлагааны минутыг уртасгах ямар ч боломжгүй. Очоод харах юм бол гадаа замын түгжрэл шиг хоёр ээлж солигдохын хооронд сургууль дотор түгжрэл үүсдэг. Ийм багтаамжгүй, хүрэлцэээгүй байдлаас үүдээд хүүхдүүд хичээлдээ, сургуульдаа дургүй болдог. Хичээлээ тараад хүссэн дугуйландаа явах боломж ч байхгүй. Энэ мөн л 2-3 ээлжээр хичээллэж байгаатай холбоотой.
Манай улс дэлхийн хамгийн олом хичээл үздэг орноор тодорч байгаа. Миний хүү наймдугаар анги. Нийт 19 хичээлийг тавхан өдөрт үзэж байна. Тэр хүүхэд байтугай би ч тэрийг гүйцэд ойлгож чадахааргүй тийм их хичээл. Ийм байхад багш нь чи залхуу, чи даалгавар хийдэггүй гэдэг. Угтаа бол тэр хүүхэд ерөөсөө залхуу биш. Миний одоо ярьж байгаа дэлхийн улс орнууд 1940 онд ярьж байсан. Энэ тухайд хүүхдүүдээ, багш нараа сонсоод арга хэмжээ авсан, өөрчлөлт хийсэн. Яагаад гэвэл цэвэр боловсон хүчин улс оронд нь хэргтэй учраас сонссон. Хэн нэгэн дээрээс шууд ингэ тэг гэдэг зүйл боловсролд байдаггүй. Сүүлд багш нар хүүхэдтэй ажиллахаас илүү цаас, компьютерийн араас босохоо больсон. Энэ багш, сургуулийн удирдлагын буруу биш. Магадгүй хүн амын өсөлтөө тооцоолоогүй байх. Энэ хэвээр байхаар бол нэг айл нэг хүүхэдтэй байх хууль гарга” гэлээ.
Эх сурвалж: https://eguur.mn/480528/ Д. Мөнхбат