Цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 11-ний 20:55 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 настай эрэгтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзтайгаа маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу цагдаагийн алба хаагчид очиход хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тухайн этгээдийн аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан ба хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан, заналхийлэхээр зэвсэглэсэн этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид энгийн аргаар таслан зогсоох боломжгүй нөхцөл байдалд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж дахин хохирол учруулахаас таслан зогсоох эрхтэй.
Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Эх сурвалж: https://ikon.mn/n/33h3 Г.МӨРӨН