92 настай хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок найз эмэгтэй Елена Жуковатай сүй тавьсныг түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр зарлажээ.
Тэдний хурим Калифорни муж дахь Мердокын усан үзмийн эдлэн Морагад болохоор төлөвлөгдсөн байна.
Мердок хэдхэн сарын өмнө Fox News, News Corp компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа бууснаар түүний дал гаруй жил үргэлжилсэн ажил хөдөлмөрийн замнал өндөрлөсөн юм.
Мердокын найз эмэгтэй Москва хотын уугуул, 67 настай Жукова нь тэтгэвэртээ гарсан молекулын биологич юм байна.
Тэд Мердокын гурав дахь эхнэр Вэнди Дэнийн зуучилснаар танилцаж, өнгөрсөн оны зунаас болзож эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Елена Жуковагийн охин Даша Жукова нь Оросын олигархи Роман Абрамовичтай гэрлэж байсан эмэгтэй юм байна.
Зургаан хүүхэдтэй Мердокын анхны эхнэр нь Австралийн онгоцны үйлчлэгч Патрисиа Бүкер байсан бөгөөд тэд 1960-аад оны сүүлээр салж байжээ.
Дараа нь тэр сэтгүүлч мэргэжилтэй Анна Торвтой гэрлэж, 30 гаруй жил амьдраад 1999 онд салсан юм.
Гурав дахь эхнэр Вэнди Дэнээс 2013 онд салсан байна.
Сүүлд Мердок жүжигчин, загвар өмсөгч Жерри Холлтой зургаан жил амьдраад 2022 онд салжээ. Холл өмнө нь Роллинг Стоунз хамтлагийн дуучин Мик Жаггертай удаан хугацаанд үерхэж байсан юм.
Мердок өнгөрсөн онд Сан-Франциско хотын цагдаагийн ажилтан асан Энн Лэсли Смиттэй сүй тавьсан ч сар хүрэхгүй хугацааны дараа цуцалж байв.
Смитийн шашинд хэт автсан байдал Мердокт таалагдаагүй тул сүйгээ цуцалсныг тухайн үед зарим хэвлэл мэдээлж байжээ.
Мердок өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гурван тив дамнасан хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийхээ удирдлагыг хүү Лакландаа шилжүүлсэн юм.
Эх сурвалж: Reuters