Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн өмнөх өдөр буюу Пүрэв гарагт Японы харилцаа холбооны EXEO Group эрэгтэй ажилтнууддаа сарын тэмдгийн өвдөлтийг мэдрүүлсэн нь эмэгтэй хамтрагчдадаа хүндэтгэлтэй ханддаг болгох зорилготой арга хэмжээ байжээ.
Тус компанийн Токио хотын байранд болсон уг арга хэмжээний үеэр эрэгтэй ажилтнуудын хүйсний доод хэсэгт “perionoid” хэмээх төхөөрөмж зүүсэн нь хэвлийн доод хэсгийн булчинд цахилгаан гүйдлээр өвдөлт мэдрүүлэх үүрэгтэй юм байна.
Уг төхөөрөмжийг Нара Эмэгтэйчүүдийн Их сургуулийн судлаачид Osaka Heat Cool хэмээх стартап компанитай хамтран зохион бүтээжээ.
EXEO компанийн нийт ажилтнуудын 90 гаруй хувь нь эрэгтэй юм байна. Цөөн эмэгтэй ажилтнууд нь сарын тэмдэг ирэх үеэр ажлаасаа чөлөөлөгддөг бөгөөд эрчүүдийг үүнд хүлээцтэй, хүндэтгэлтэй ханддаг болгохыг компани зорьжээ.
Япон улсад сарын тэмдэг ирсэн эмэгтэйчүүдийг хүссэн хугацаагаар нь ажлаас чөлөөлөх хууль 1947 оноос хойш үйлчилж байгаа. Гэхдээ ийм чөлөөнд цалин тооцох эсэх нь тухайн компанийн үзэмжийн асуудал байдаг.
2020 онд явуулсан нэг судалгаанаас компаниудын 30 орчим хувь сарын тэмдгийн чөлөөнд бүрэн болон хагас цалин тооцдог нь харагджээ.
Эх сурвалж: Japan Today