“Эрх чөлөө төв”-ийн тэргүүн Ц.Чинбат мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ гуравдугаар сарын 1-ний өдрийг Монгол Ардын намыханд будуулан хороогдож, хэлмэгдсэн жинхэнэ эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр байх учиртайг онцолсон байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
1921 оны 3 дугаар сарын 1-нд одоогийн ОХУ-ын Тройцкосавска хотод 30 орчим хүн хуралдаж, түүхэн нэг намыг байгуулж, улс төрийн үйл хэрэг эхлэх талаар авч хэлэлцэхэд арав орчим нь Монгол хүн байжээ. Тэрхүү хурлаар Монгол улсын хилийн цаана Монгол Ардын нам байгуулагдаж, худал түүх нь эхэлсэн байдаг. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан анхдугаар Үндсэн хууль гэгч нь Монголд ангич нийгмийг бий болгох суурь үндэс нь болсон юм. Оросын коммунист үзэл суртлаар явахгүй гэсэн дэвшилтэт үзэлтэй Монголын удирдагчидыг Коминтерн өөрийн байгуулсан Монгол Ардын намаараа алуулсан цусан мөр ийнхүү эхэлжээ.
1922 оны 08 дугаар сарын 30-нд Монгол улсын анхны ерөнхий сайд Догсомын Бодоо, Ардын төр засгийн газрын дарга Д. Чагдаржав зэрэг 13 хүнийг Д. Сүхбаатарын гарын үсгээр Монгол Ардын намын анхны дарга, ерөнхий сайд С. Данзан, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Баваасан нарыг Х. Чойбалсангийн гарын үсгээр амь насыг нь бүрлэгэснийг түүхэн шарласан хуудас мартаагүй. Их жанжин Д. Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав нарын үхэл ч Монгол ардын намтай холбоотой байж магадгүй талаар зарим судлаачид бичсэн байдаг. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, коминтерний бодлогод үл захирагдагч Н. Жадамба, Ц. Дамбадорж нарыг 1928 онд Монгол Ардын намын 7 дугаар их хурлаар авч хэлэлцэн тухайн үеийн ЗХУ буюу одоогийн ОХУ-руу илгээсэн байдаг. Монгол улсын ерөнхий сайд П. Гэндэнг 1937 оны 11 дүгээр сарын 26-нд Москвад буудан хороосон нь ч мөн л намынх нь шийдвэрээс улбаатай гэж болно. Монгол улсын ерөнхий сайд А. Амарыг 1939 оны МАН-ы өргөтгөсөн хурлаас Х. Чойбалсан нарын хүмүүс хөөж оросуудад барьж өгсөнөөр 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Москвад буудуулж цаазлуулсан байдаг. 1932 онд коммунизмыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөнийг Монгол Ардын намынхан хүйс тэмтэрч нухчин дарсан байдаг. 1937-оос 1939 оны хооронд Монгол улсын эр хүйстний 17%-ийг устгаж геноцид үйлдэхдээ оюун санааны, цэргийн, шашны мэдлэг боловсролтой сор болсон эрчүүдийг үндсээр нь устгахыг зорьсон байдаг. Түүний тод илрэл нь Монгол улсын маршал Г. Дэмидийн эхнэр болох Навчааг 1938 онд давхар биетэй байхад буудан хороосон явдал юм. Түүгээр зогсохгүй эсэргүүний эхнэр хэмээн олон арван бүсгүйчүүдийг шорон гянданд хорьж, тарчлаан зовоосон олон түүх бий. Эхнэрээр нь зогссонгүй эсэргүүний үр хүүхэд, эцэг, эх, төрөл төрөгсдийг нь ч мөрдөн шалгаж, хавчин гадуурхаж, нийгмээр үзэн ядуулж байсан цус нулимсаар бичигдсэн гашуун түүхийн хуудас шарлаагүй байна.
1959 оноос 1964 оны хооронд хэрэгжүүлсэн “сэхээтний төөрөгдөл” нэрийн дор дэвшилтэт үзэлтэй сэхээтнүүд Монгол улс, ард иргэдээ гэснийхээ төлөө Ю. Цэдэнбал, Монгол Ардын намын дайсан болж хэлмэгдэж явсан хар түүх бидний өмнө өдрөөс өдөрт тодорсоор байна.
Монголд Ардчилсан хувьсгал хэдий ялсан ч цусан мөртэй, алуурчин энэ нам хар түүхээ хамгаалан үйл хэргээ үргэлжлүүлсээр л байна. Тухайлбал: Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө соёлт хүн төрлөхтөнтэй хөл нийлүүлэн Монголын хөгжлийг тодорхойлсон дэвшилтэт үзэлтэй сэхээтнүүдийг, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ “төрийн төмөр нударга” гэгчээр айлгасаар байгаа нь нэгэнт нууц биш болсон. 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш Монголын хөгжил цэцэглэл бүрийг нухчин дарж, хүний эрх, эрх чөлөөг боомилж, нэг хүнийг тахин шүтэх үзэл рүү монголчууд биднийг улайран чирсээр л байна.
Монгол Ардын нам анхнаасаа улс төрийн байгууллага бус Зөвлөлт Холбоот улсын КГБ-ын салбар байгууллага болж биежсэн. Өнөөдөр хүртэл амь бөхтэй оршиж байгаа нь нэгэнт нууц биш болжээ. Монгол Ардын нам өнөөдөр хүртэл Монголчуудыг алж, хядаж, хэлмэгдүүлснийхээ төлөө ард иргэдээсээ уучлалт гуйгаагүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цаашид Монгол Ардын нам монголчууд биднийг “айдсаар удирдах” Монгол улсын тусгаар тогтнол хувь тавиланг нэгэн улсын гарт тушаах туйлын зорилготой гэдэгт би хувьдаа огт эргэлздэггүй.
3 дугаар сарын 1-ний өдөр бол өөрийгөө эх оронч гэж нэрлэсэн Монгол ардын намын бус Монгол Ардын намыханд будуулан хороогдож, хэлмэгдсэн жинхэнэ эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр байх учиртай болно.
Хар түүхийг бүү март.