Газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөнийг эсэргүүцэн Вашингтон дахь Израилийн Элчин сайдын яамны гадаа америк цэрэг амиа егүүтгэсэн хэрэг Ням гаригт гарчээ. Тодруулбал, АНУ-ын нисэх хүчний гишүүн, 25 настай Аарон Бушнелл өөрийгөө шатааж, улмаар шархаа даалгүй нас барсан байна. Тэрээр Техас мужийн Сан Антонио хотын иргэн байжээ.
Аарон Бушнелл бие дээрээ шингэн асгаж, өөрийгөө шатаахаасаа өмнө цахим сүлжээгээрээ шууд дамжуулалт хийж, геноцидод оролцохгүй гэж мэдэгджээ. Дараа нь “Палестиныг чөлөөл” гэж хашгираад өөрийгөө шатаасан байна. Бичлэгийг сүүлд нь “Twitch” цахим сүлжээнээс устгажээ.
Энэ үйл явдал нь АНУ даяар Газын зурвас дахь Израилийн дайныг эсэргүүцсэн жагсаал, хөдөлгөөн үргэлжилж буйтай холбоотой. Тэмцэгч өөрийгөө шатаасан хэрэг үүгээр тогтохгүй. Атланта дахь Израилийн Элчингийн гадаа нэгэн жагсагч өөрийгөө шатаасан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөн гарсан. Хэргийн газраас Палестины туг олдсон бөгөөд эл хэргийг улс төрийн хэт эсэргүүцлийн нэг хэлбэр гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: AL JAZEERA