Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн “Хөх дэл” гэдэг газар 02.16-ны өдрийн 20:00 цагийн орчим малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 23:00 цагт аймгийн онцгой хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хоёр малчныг эрэн хайх ажиллагааг 02.18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, 02.18-ны өдрийн 10:40 цагт нөхөр 53 настай иргэнийг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Түүний эхнэр, 50 настай, эмэгтэйн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн байна.
Ойрын хоногуудад говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.