Японы баруун өмнөд хэсгийн Кумамото мужаас Тиранозаврид үлэг гүрвэлийн доод эрүүний ясны олдвор олджээ. Тодруулбал, Цэрдийн галавын сүүл үеийн 74 сая жилийн настай дэлхийн давхаргаас уг олдвор олдсон байна. Орон нутгийн музейн мэдээлснээр Японоос анх удаа Тиранозаврид үлэг гүрвэлийн олдвор олдож буй тохиолдол юм.

Энэхүү олдвор нь Цэрдийн галавын сүүл үеийн үлэг гүрвэлүүдийн ангилал болон Ази дахь тархац хүрээг судлах судалгааг ахиулах төлөвтэй байна. Үлэг гүрвэлийн музейн судлаачийн хэлснээр олдвор нь Тиранозаврид овгийн шинэ төрөлд хамаарах бөгөөд биеийн урт нь ойролцоогоор найман метр гэж таамаглаж байна. Харин зүүн доод эрүүний яс нь уртаашаа 14 см, өндрөөшөө найман см орчим, баруун тал нь уртаашаа 17 см, өндрөөшөө найман см байжээ.

Энэ нь Японоос олдсон махан идэшт үлэг гүрвэлийн хамгийн том эрүүний яс гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“Өмнө нь олдож байсан чулуулжсан олдворуудтай харьцуулахад харьцангуй залуу давхаргаас олдсон. Энэ нь Азид ховор тохиолдол” гэж музейн эрхлэгч Хироми Куросу хэллээ.

Тиранозаврид овгийн үлэг гүрвэлүүд нь 83-66 сая жилийн өмнө одоогийн Хойд Америк, Ази тивд тархан нутаглаж байжээ. Биеийн хэмжээний хувьд 8-10 метр орчим урттай байсан.

Эх сурвалж: JAPAN TODAY

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн