Манай гариг ирэх арван жилийн дотор анхны их наядаар хэмжигдэх хөрөнгөтэй хүнтэй болох таамгийг нэгэн судалгааны байгууллага дэвшүүлжээ.

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үйл ажиллагаа Швейцарын Давост эхлэхтэй зэрэгцэн өчигдөр гаргасан Oxfam байгууллагын тэгш бус байдлын судалгааны тайланд энэ тухай дурдсан байна.

Гэхдээ их наядтан төрж гарах нь дэлхий дахинд баялгийн тэгш бус хуваарилалт улам эрчимтэй гүнзгийрсний илрэл болох гэнэ.

2020 оноос хойш дэлхийн хамгийн баян таван хүний нийлбэр хөрөнгийн хэмжээ хоёр дахин өссөн бол дэлхийн хүн амын 60 хувь болох таван тэрбум хүний амьдрал ядуурсныг уг тайланд өгүүлжээ.

Дээрх таван баян болох Бернар Арно, Жэфф Безос, Уоррен Баффет, Ларри Эллисон, Илон Маск нарын хөрөнгө цаг тутамд хэдэн саяар өсөж байгаа гэнэ.

Тухайлбал энэ таван хүний хөрөнгийн нийлбэр 2020 оны $405 тэрбумаас өнөөдөр $869 тэрбум болж өссөн нь цаг тутамд $14 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм байна.

Oxfam байгууллага жил бүр энэ судалгааны тайлангаа танилцуулдаг.

Сүүлийн жилүүдийн тайлан хүмүүсийн санааг зовоосон дүгнэлтүүдийг гаргаж байгаа.

2022 оны Oxfam-ийн тайланд цар тахлын үеэр 30 цаг тутамд нэг тэрбумтан төрж байсныг мэдээлж байв.

Дэлхийн хүн амын амьжиргаанд ойрын жилүүдэд хамгийн их дарамт учруулах гурван хүчин зүйлийг Oxfam сүүлийн тайландаа дайн мөргөлдөөн, уур амьсгалын хямрал, цар тахал гэж тодорхойлжээ.

“Корпорацууд болон монополи эрх мэдлийн асар их төвлөрөл нь дэлхий дахинд эдийн засгийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байна” гэж Oxfam-ийн тайланд дүгнээд ядуурлын үндсэн шалтгаанд анхаарал хандуулахыг засгийн газруудад уриалсан байна.

Хэдийгээр зарим судлаачид Oxfam-ийн таван тэрбумтныг таван тэрбум хүнтэй харьцуулсан тооцооллын аргачлалд эргэлзэж байгаа ч ядуурал дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болсонтой санал нийлж байна.

Дэлхийн Банкны гаргасан тоо баримтаар өнөөдөр 700 сая орчим хүн хэт ядуу нөхцөлд амьдарч байгаагийн ихэнх нь Сахарын цөлийн өмнөд хэсгийн Африк тивийн орнуудад оногдож байгаа юм.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн